Улаанбаатар хот руу гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-12 20:01:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын өнөөдрийн зургадугаар хуралдаанаар энэ сарын 13-ны өдрийн өглөөний 06:00 цагаас эхлэн тус аймгаас Улаанбаатар хот руу гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа.

"Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилготой уг шийдвэр нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд үргэлжлэх аж.

Зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хугацаанд хяналтын цэгүүдээр албан ажил, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, нүүрс, түлээ, малын өвс, тэжээл, барилгын материал, уул уурхайн ээлж солилцох ажлаар яваа тээврийн хэрэгслийг цахим болон албаны үнэмлэх, томилолт зэрэг холбогдох баримт бичгийг үндэслэн нэвтрүүлнэ.

Харин цар тахлын голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг энэ сарын 15-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хүсэлт гаргасны үндсэн дээр аймгийн нутаг дэвсгэрт нэвтрүүлж, 90 хоногийн хугацаанд буцаан гаргахгүй ажээ.  

 

Холбоотой мэдээ