Монгол Цэргийн музейн 55 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-03-15 10:44:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Цэргийн музейг үүсгэн байгуулсны 55 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.

 

Монгол цэргийн түүх бол Монголын түүхийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг төдийгүй нүүдэлчдийн соёл иргэншил, хүн төрөлхтний түүхийг судлахад зайлшгүй харгалзан авч үзвэл зохих үнэт зүйл мөн. Монголын ард түмний цэрэг эх оронч уламжлал, монгол цэргийн түүх яндашгүй арвин билээ. Монгол цэргийн музей нь энэхүү арвин баялаг түүхийн дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулах, хадгалж хамгаалах, судлан шинжлэх, сурталчлах үүрэг, зорилт бүхий судалгаа, сурталчилгаа эрдэм шинжилгээний, соёлын байгууллага юм.

 

Тус музейг байгуулах талаар анх ЦЯЯ-ны сайд, бүх цэргийн жанжин маршал Г.Дэмид /1932–1937онд/ санаачлан тухайн үед тушаал шийдвэр гаргаж байсан хэдий ч хараахан бодит ажил болж амжаагүй байна. Улмаар 1966 онд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 2 тоот тогтоолоор Монголын Ардын армийн музей байгуулах шийдвэр гарснаар цэргийн музей байгуулагдах ажил эхэлсэн түүхтэй.

 

Сайд нарын зөвлөлийн “Монгол ардын армийн цогцолбор байгуулах тухай тогтоол 1987 онд гарснаар өнөөгийн Монгол цэргийн музей байгуулагдах эхлэл тавигджээ. Дээрх шийдвэрийн дагуу Батлан хамгаалахын сайдын 1987 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 42 тоот тушаалаар МАА-н музейн түр орон тоог 18 хүний бүрэлдхүүнтэй баталсан юм. МАА музей анх офицеруудын ордны 2 давхарт байрлан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

БНМАУ-ын БХЯ, Засгийн газрын дэргэдэх соёл урлагийн хөгжлийн хорооны 1991 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хамтарсан тушаалаар Монголын Ардын армийн музейг “Монгол цэргийн музей“ хэмээн нэрлэж цэргийн музейнүүдийн тэргүүлэх музей болгохоор заасан байна.

 

Монгол Цэргийн музейн барилгын ажлыг Ардын армийн 022, 158 дугаар ангиуд хийж гүйцэтгэсэн бөгөөд 1996 оны 3 дугаар сарын 15-нд Монгол цэргийн музейн нээлтийн ёслол болж анхныхаа үзэгчдийг хүлээн авч, үйл ажиллагаа тасралтгүй явуулсаар ирсэн билээ.

 

ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын дурсгалын музей 1979 онд байгуулагдаж, 1990 онд Монгол цэргийн музейн харьяанд орсноор өнөөг хүртэл үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

 

Монгол Цэргийн музей нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 39 дүгээр зарлигаар “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагнуулсан.

 


Холбоотой мэдээ