Өнөөдөр банкууд иргэдийн хөлд дарагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-13 15:39:28

“Эрдэнэс таван толгой” ХК- ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдаж авах саналыг Засгийн газар тавьсантай холбогдуулан өнөөдөр орон нутаг дахь арилжааны банкууд ачаалал ихтэй байна.

Дундговь аймгийн иргэдийн хувьд ХААН болон Төрийн банкаар ихэвчлэн үйлчлүүлдэг бөгөөд банкууд өнөө өглөөнөөс эхлэн ачаалал ихтэй, хувьцаагаа зарах иргэдийн хөлд дарагджээ. Иргэд банкны ажилтнаас өргөдлийн маягт авч байна. Энэ нь “Эрдэнэс таван толгой” ХК- ийн хувьцаанаас 30 хувьтай тэнцэх 322 ширхэг хувьцааг 300 мянга 426 төгрөгөөр Монгол Улсын Засгийн газарт худалдахыг зөвшөөрч байгаа эсэхийг илэрхийлсэн хүсэлт бөгөөд үүнийг бөглөн, иргэний бичиг баримтын хамтаар банкны ажилтанд өгч байгаа ажээ.  

Ялангуяа ХААН банк илүү их ачаалалтай байгаа бөгөөд тус банк иргэдийн хүсэлтийг хүлээн авахад ажилтнуудаа хүч нэмэгдүүлэн, аль болох шуурхай үйлчлэхэд анхаарч байгааг банкны ажилтан Э. Хөхөөхүү хэллээ.

Хичнээн иргэн хувьцаагаа зарах хүсэлтээ өгснийг одоогоор хараахан тодорхойлох боломжгүй байна гэв.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ