Ажлын тусгай горимд шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-17 11:25:45
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийн 06.00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, ажлын тусгай горимд шилжүүллээ.
Ажлын тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулан байгууллага бүр өөрийн байгууллагын онцлогтой уялдуулан ажлын цагийг богиносгон цахимаар, ээлжээр ажиллах хуваарийг батлан мөрдүүлж, 12 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, 18 нас хүрээгүй хүүхдэд бүх төрлийн үйлчилгээ үзүүлэхгүй. Байгууллага бүр QR код байршуулан ажилтан, албан хаагч, зайлшгүй шаардлагаар үйлчлүүлсэн иргэдийг бүртгэх ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхлээд байна.
QR код байршуулаагүй, халдвар хамгааллын дэглэм, холбогдох дүрэм журам мөрдөөгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ.
Холбоотой мэдээ