Халдвартай иргэнийг аймагт эмчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-19 10:54:46

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа:

Нийслэлд хамт шинжилгээ өгсөн эгч, дүү хоёрын эгчийнх нь шинжилгээ сөрөг гарч, Хайрхан суманд түрүүлж ирсэн. Дүү нь шинжилгээний хариугаа хүлээлгүй нийслэлээс гарсан. Харин замд явж байхад нь шинжилгээний хариу нь эерэг гарсан. Энэ тохиолдлыг бид хяналтын пост дээр илрүүлж, Улаанбаатараас батлагдсан тохиолдол учраас нийслэлд хүргэж, эмчилгээнд оруулсан. Түүнтэй хамт явсан 2 иргэнийг мөн нийслэлд тусгаарлалтын байранд хүргэж өгсөн.

Улаанбаатарт батлагдсан тохиолдлын тархвар судлалыг авч үзвэл эгчтэйгээ уулзаж, хамт хоносон, хамт шинжилгээ өгсөн гэх мэдээллийн дагуу ойр харьцсан иргэдийг илрүүлж эхэлсэн байна.

Өндөр эрсдэлтэй ойрын 5 хавьтлын сорьцыг аймгийн төвд GEN-EXPERT аппаратаар шинжлэхэд 1 тохиолдол эерэг гарсан нь эгч нь юм.

Энэ батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 14 хүнийг тусгаарласан. Тэдгээрийн эхний шинжилгээ сөрөг гарсан. Давтан шинжилгээг хугацаанд нь хийнэ. Одоогоор дам хавьтлын 51 хүнийг илрүүлээд байна. Эдгээрийг гэрийн тусгаарлалтад авч ажиглаж байна.

"Ковид-19" халдвартай нь батлагдсан иргэнийг Хайрхан сумаас аймгийн Халдвартын тасагт авчран эмчилгээг эхлүүллээ. Өвчтөний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-ийн зөвлөх эмч нартай холбогдон ажиллаж байна. Эмчилгээний наад захын хугацаа 14 хоног. Биеийн байдлаас шалтгаалан хугацаа өөрчлөгдөнө.

Аймгийн Халдвартын тасагт тусгай 30 ор бэлдсэн байсан. Одоогоор стандарт эмчилгээ хийхэд дутагдаж байгаа тоног төхөөрөмж, эм бэлдмэл байхгүй. Тусгаарлалтын эмнэлгийн гадна талд "халдвартай бүс" гэдэг анхааруулгыг өгөөд Онцгой байдал, Цагдаагийн албан хаагчид хамгаалалтад аван ажиллаж байна.

Хайрхан суманд хяналтын пост ажиллаж, бүх хөдөлгөөнийг зогсоосон. Иргэдэд усыг түгээлтээр өгч байгаа. Голомтын эцсийн халдваргүйтлийг Зоонозын өвчин судлалын төвийн баг хийсэн. Голомтын хяналт 14 хоног үргэлжилнэ.

Хавьтлуудын давтан шинжилгээний хариунаас шалтгаалан аймаг, сумын Онцгой комисс тохирох шийдвэрийг гаргана.

Нийслэлээс ирсэн иргэд халдвар хамгааллын болон гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд баримтлахыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ