Хүний арьсны эсээс үр хөврөлийн загварыг ургуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-03-18 13:17:10

СИДНЕЙ. /TASS/. Австралийн Мельбурн хотын Монашийн их сургуулийн эрдэмтэд арьсны эсээс хүний ​​үр хөврөлийн загварыг ургуулжээ.


Австралийн мэргэжилтнүүдээр удирдуулсан олон улсын эрдэмтдийн баг хөгжлийн эхэн үедээ байгаа хүний үр хөврөлтэй адил гурван хэмжээст бүтцийг арьсны эсээс ургуулан шинжлэх ухааны нээлт хийлээ гэж “ABC” телевиз мэдээлсэн байна. "Энэ нь хүний ​​ургийн хөгжлийн эхний үе шатуудыг нарийвчлан судлах, үргүйдлийн зарим шалтгааныг ойлгох эсвэл  зулбалт яагаад ихэвчлэн жирэмсний эхний хоёр долоо хоногт тохиолддог болохыг байгалийн жамаар тогтсон хүний ​​жинхэнэ үр хөврөлийг ашиглахгүйгээр олж мэдэх боломжийг олгоно" гэж төслийн ахлах судлаач Хосе Поло хэллээ.


Эрдэмтдийн хэлж буйгаар, Мельбурнд хийсэн нээлт нь дэлхийн хэмжээний мэдээ байх гэнэ. “Энэ салбар дахь нээлтийг шинжлэх ухааны ертөнцөд маш их сонирхож байна. Энэхүү нээлт нь өмнө нь хүний ​​материалтай ажиллах ёс зүйн хүрээний болон хууль эрх зүйн хязгаарлалтуудаар хязгаарлагдаж байсан анагаах ухааны бусад судалгааг хийх замыг нээнэ. Бидний бий болгосон үр хөврөлийн загвар 10 эсвэл 11 хоногийн дараа хөгжил нь зогсоно” гэж Монашийн Их Сургуулийн био анагаах ухааны хүрээлэнгийн дарга Жон Кэролл онцлон хэлжээ.  


Сиднейн Их сургуулийн био ёс зүйн профессор Эйнсли Ньюсоны үзэж байгаагаар, хүний ​​үр хөврөлийн загварыг бий болгосноор эрдэмтэд "лабораторийн материалын статустай холбоотой ёс зүйн зарим бэрхшээлээс зайлсхийж", хүний ​​хөгжлийн эхний үе шатыг судлах боломжтой болно. "Үр тогтох үе шатыг дамжаагүй [хөгжих чадваргүй] үр хөврөлийн загварыг ашиглах нь ёс суртахууны зарим бэрхшээлийг арилгах магадлалтай" гэж тэрбээр “The Sydney Morning Herald” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.


Австралийн судлаачдын ажлын талаарх тайланг мөн шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна.


Холбоотой мэдээ