С.Айгүл: Вакциныг орон нутгийн иргэдэд дөрөвдүгээр сарын дундуур, тавдугаар сарын эхээр тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-18 14:20:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын явц болон цаг үеийн бусад асуудлаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүлтэй ярилцлаа.  


Баян-Өлгий аймагт PCR-ын шинжилгээний аппарат ирсэн байна. Хэзээнээс ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа вэ?

- Эрүүл мэндийн яамнаас Баян-Өлгий аймагт нуклеин хүчил ялгах төхөөрөмж, болон PCR шинжилгээний аппарат олгосон. Нийлүүлэгч компаниуд шинжилгээний тоног төхөөрөмжийг манай аймагт хүргэж, шинээр ашиглалтад орсон Хүүхдийн эмнэлэгт суурилуулж байгаа. Дагалдах хэрэгслүүдийн нийлүүлэлт 60 хувьтай байна. Яамнаас өгсөн чиглэлийн дагуу ХӨСҮТ-өөс 3 мянган хүн тун эм урвалж олгохоор болсон. Одоо татан авах ажлыг зохион байгуулж байна. PCR-ын шинжилгээний аппаратын суурилуулт болон холбогдох бусад ажлуудаа дуусгасны дараа гадаад, дотоод хяналт хийнэ. 7-10 хоногийн дараа ашиглаж эхэлнэ гэж төлөвлөж байгаа. Гэхдээ өртөг өндөр байдаг учраас хүн болгонд PCR-ын шинжилгээ хийхгүй. Зөвхөн сэжигтэй тохиолдол илэрсэн үед болон тархвар зүйн судалгаа хийх зорилгоор ашиглана. Тухайн аппаратаар ажиллах аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр эмч, нэг лаборант, Зоонозын өвчин судлалын төвийн нэг эмчийг сургаж бэлдсэн байгаа.


Коронавирусний халдвар бүртгэгдсэн тохиолдолд эмчилгээ хийх хэдэн ор бэлдээд байна?

- Хүүхдийн эмнэлэгт 50 ор бэлэн байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 5 амьсгалын аппарат, НҮБ-ын Хүн амын сангаас нэг амьсгалын аппарат ирсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2 амьсгалын аппаратыг ковидын үед ашиглахаар нөөцөлж, 2 аппаратыг хэвийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа. Одоо халдвар гарсан тохиолдолд ашиглах 8 амьсгалан аппарат байна гэж ойлгож болно. Эхний 2 аппаратаа суурилуулсан. Сүүлд нь ирсэн 6 аппаратыг нийлүүлсэн компани нь удахгүй суурилуулж, сургалтаа хийнэ. Хүүхдийн 50 ортой эмнэлгийн барилгыг Ковидын эмнэлэг болгон ашиглахаар төлөвлөж, бэлтгэл ажлуудаа хангаад байна.


Хамгаалах хэрэгслийн нөөц зохих түвшинд байна уу?

- Нөөц зохих түвшинд байна гэж хэлж чадахгүй. Цар тахлын нөхцөл байдал үүссэнээс хойш аймгийн ЗДТГ-аас шаардлагатай хөрөнгийг шийдэж өгч байгаа. Эрүүл мэндийн газар одоогоор 14 хоногийн нөөцтэй байна. Гэхдээ ямар хүчин чадлаар яаж ажиллах вэ гэдгээр хамгаалах хэрэгслийн нөөцийг тооцож үзнэ. Одоо аймгийн Авто тээврийн төвд тандалт судлаач, лаборант, ариутгагч гээд  3 ажилтан байнга ажиллаж байна. Зарим үед 50-иаас дээш зорчигч ирсэн тохиолдолд нэмэлт баг ажиллуулна. Баян-Энгэрийн хяналтын цэгт эрүүл мэндийн 3 ажилтан,  Тавалтайн хяналтын цэгт 1 ажилтан, Цагааннуурын боомтод 1 лаборант, 1 ариутгагч ажиллаж байна. Тэдний хувцас, хамгаалах хэрэгслийг аймгийн Засаг даргаас хуваарилж өгсөн мөнгө болон Эрүүл мэндийн газрын нөөцөөс хангадаг. Хамгаалах хэрэгслийн хомстолд орсон гэж хэлэхгүй, Засаг даргын нөөц хөрөнгө болон орон нутгийн бусад эх үүсвэрээс шийдвэрлэсэн тодорхой хэмжээний санхүүжилтээр нөөцөө бүрдүүлж байгаа.


Хурдавчилсан оношлуурын асуудлыг яаж шийдэж байна?

- PCR-ын шинжилгээний урвалжийг Эрүүл мэндийн яамнаас нийлүүлнэ. Бид аймгаа ногоон байдлаар нь хадгалах үүднээс Улаанбаатар хотоос орж ирсэн хүн бүрээс хамар залгиурын арчдасны шинжилгээ авч байна. Энэхүү шинжилгээний нөөцийг Эрүүл мэндийн яам хангахгүй гэдгээ мэдэгдсэн. Саяхан аймгийн ЗДТГ-аас 15 сая төгрөг шийдвэрлэн өгч, Эрүүл мэндийн яамаар дамжуулан Солонгос Улсад мянган ширхэг оношлуур захиалсан. Үүнээс урьдчилсан байдлаар 300-г нь татан аваад байна. Эрүүл мэндийн яамнаас өмнө нь 12 мянган ширхэг оношлуурын хангалт хийсэн. Үүнийг голомтод бүсээс ирсэн болон гэрийн хяналтаас гарсан бүх хүнд ашигласан байгаа. Цаашид хурдавчилсан оношлуурын хомстолд орох магадлал байна.


Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед голомтод бүсээс орж ирж буй иргэдийн хөдөлгөөн хэр байна?

- Өчигдөр гэхэд л 208 иргэн орж ирсэн. Өдөрт хамгийн багадаа 30-40 хүн ирж байна. Манай улсад ковид-19 халдвар бүртгэгдсэнээс хойш голомтод бүсээс 9851 хүн иржээ. Гэрийн хяналтаас 7244 хүн гарсан байна.


Манай аймгийн иргэдийн дунд вакциныг хэзээнээс тарьж эхлэх бол гэсэн хүлээлт байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Одоогоор аймгуудаас зөвхөн Өмнөговь аймаг л вакцин авсан байна. Энэ нь тухайн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт өвчлөл гарсантай холбоотой юм. Вакциныг орон нутгийн иргэдэд дөрөвдүгээр сарын дундуур, тавдугаар сарын эхээр тарих бодлого барьж байгаа. Түүнээс нааш ч эхэлж магадгүй. Дархлаажуулалтад ашиглах хамгаалах хувцасны татан авалтыг удахгүй хийх гэж байна. Бидний тооцоогоор Баян-Өлгий аймгийн 25 мянга орчим иргэнийг эхний ээлжид дархлаажуулна. Эхлээд эрүүл мэндийн салбарын ажилчид, дараа нь цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд оролцож байгаа онцгой байдал, цагдаа зэрэг мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчид, 55-аас дээш насны иргэдэд вакцин тарина.


Цаг үеийн байдалтай холбоотой ард иргэдэд анхааруулж хэлэх зүйл юу байна?

- Голомтод бүс нутгаас орж ирсэн хүмүүс гэрийн тусгаарлалтын дэглэмийг маш сайн сахих хэрэгтэй байна. Одоо Улаанбаатар хот бүхэлдээ голомтын бүс болсон учраас хэзээ ч, хаанаас ч халдвар авах магадлал маш өндөр. Иргэд PCR-ын шинжилгээ хийлгэсэн ч нууц үед нь илрэхгүй байж магадгүй. Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар өвчний нууц үе нь 1-14 хоног, илрэх үе нь 5-6 хоног байгаа. Бид гэрийн хяналтад байгаа хүмүүсийн утсанд аппликейшн суулгаж онлайнаар хянаж байна. Зарим хүмүүс дэглэм сахихгүй байгаа асуудал гарч байгаа. Ард иргэд маань амны хаалтаа тогтмол зүүх, агаар сэлгэлт хийх, гараа ариутгах, олон нийтийн газраар явахгүй байх, дархлаагаа дэмжих, ариутгал халдваргүйтгэлийн бодисыг мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр хэрэглэхийг зөвлөж байна.

Холбоотой мэдээ