Дэлхийн худалдааны байгууллага Монгол Улсын худалдааны бодлогыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-18 15:12:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) энэ сарын 17-19-нд Монгол Улсын худалдааны бодлогыг хянан хэлэлцэж байна.


Хуралдааны даргаар Исланд Улсын Элчин сайд Хералд Аспелүнд, хэлэлцүүлэгчээр Малайз Улсын Элчин сайд Рашиди Саид нар ажиллаж байгаа бол монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүлж байна. Хуралдааны эхний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг худалдаа, макро эдийн засгийн чиглэлээр Засгийн газраас сүүлийн долоон жилд хэрэгжүүлсэн бодлого, цаашдын зорилтыг танилцуулав. Монгол Улсын худалдааны бодлогын талаарх тайлантай холбогдуулан ДХБ-ын гишүүн 16 улсаас 300 гаруй асуулт урьдчилан ирүүлснээс гадна хуралдааны үеэр 21 улсын төлөөлөгч үг хэлэв.


Гишүүн улс орнууд Монгол Улс нээлттэй, чөлөөт худалдааны бодлого хэрэгжүүлж, олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг үнэлээд, Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр идэвхтэй бодлого баримталж ирснийг онцолж байв. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчин, худалдааны бодлого зохицуулалтын ил тод байдлыг хангах, эдийн засаг дахь төрийн оролцоо мөн худалдаан дахь техникийн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэв.


Дэлхийн худалдааны байгууллага Монгол Улсын худалдааны бодлогыг 2005, 2014 онд тус тус хянан хэлэлцэж байжээ.

Холбоотой мэдээ