Ховд аймагт одоогоор коронавирусний халдвар илрээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-19 15:23:07

Ховд /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажилласан хоёр иргэний нэг нь коронавирусний халдвар авч, шинжилгээгээр батлагдсан байна. 

Эдгээр иргэн нь Улаанбаатар хотоос ирэхдээ Ховд аймгаар дайран өнгөрч, шууд Баян-Өлгий аймагт очиж ажилласан. Харин буцах замдаа буюу энэ сарын 14-ний өдөр Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж, зарим багаж тоног төхөөрөмж угсарсан байна.

Энд таван цагийн хугацаатай ажиллаад мөн өдрөө Улаанбаатар хот руу гарчээ. Тэд Улаанбаатар хотод гуравдугаар сарын 16-нд очсон. Тэгээд энэ сарын 18-ны өдөр шинжилгээ өгөхөд нэг иргэн нь халдвартай гэж тогтоогджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэн нь гуравдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарчээ. Иймээс энэ сарын 10-ны өдөр орон нутгийг зорьсон. Баян-Өлгий аймаг руу ороход хурдавчилсан оношлуураар шинжилгээ авахад мөн сөрөг гарсан байна.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Эрүүл мэнд, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж, ойр харьцсан иргэдийг олж тогтоов. Улмаар 13 иргэнээс PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.

Эдгээр иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Давтан шинжилгээг ирэх долоо хоногийн даваа гарагт, мөн түүнээс хойш дахин долоо хоногийн дараа авна гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ