Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хөл хориог маргааш цуцална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт өнөөдөр ажиллах үеэрээ, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тогтоосон хөл хориог маргааш 6.00 цагаас цуцалж, дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхийг чиглэл болголоо.
Тус хороо нь дүүргийн хамгийн олон хүн амтай, халдварын голомтын тархалтаас үзэхэд хамгийн эрсдэлтэй бүс болоод байсан аж. Тиймээс тав хоногоор хөл хорих мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлт гарсан байна. Тус хороонд энэ сарын 8-наас хойш халдварын нийт 108 тохиолдол батлагджээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, "16 мянган өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөсөн ч тус хороонд нийтийн байр ихтэй тул мянга гаруй хүнээс нэмж шинжилгээ авлаа. Коронавирусний халдвартай нь батлагдсан хүмүүсийг ХӨСҮТ рүү тээвэрлэсэн. Мөн ойрын хавьтлуудад гэрийн тусгаарлалтын дэглэмд байх зөвлөмж өгсөн. Тус хороонд тогтоосон хөл хорионы улмаас Засаг захиргааны анхан шатны нэгжид иргэд бухимдлаа илэрхийлэх боллоо. Одоо бидэнд дархлаажуулах ажил үлдсэн. Эхлээд, 50-65 насны 2500 иргэн, тусгай хэрэгцээт 204 иргэнийг вакцинд хамруулна. Энэ хугацаанд хязгаарлах дэглэм тогтоолгүй, чөлөөтэй байлгаж болно гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар НОК-т хүсэлтээ өгсөн" хэмээв.
Мөн цагдаагийн байгууллагаас тус хорооны "Элизабет" хотхонд өндрөөс унаж амиа алдсан иргэний талаар мэдээлэл өгөв. Тухайн иргэн С нь 39 настай эмэгтэй байсан бөгөөд өөрийн оршин суудаг 214 дүгээр байрны дээвэр дээрээс унасан. Урьдчилсан байдлаар, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэлээ.
Үүний дараа Шадар сайд С.Амарсайхан, нэгэнт шинжилгээний хариуны дийлэнх гарч, халдвартай хүмүүсээ тусгаарласан, ойрын хавьтлын иргэдээ хяналтад оруулсан тул дархлаажуулах ажлаа түргэсгэхийн тулд, өглөө 6.00 цаг хүртэл дутуу ажлаа гүйцээж, хөл хориог цуцлах шаардлагатайг хэллээ. Мөн тэрээр иргэдэд мэдээллийг шуурхай хүргэхийн зэрэгцээ ойлголтын зөрүү гаргахгүй байхад анхаарахыг холбогдох албаныханд анхааруулав. Цаашдаа бүх нийтийн хөл хорио тогтоолгүй, аль болох хэсэгчилсэн байдлаар үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлж, үүнд иргэд хүлээцтэй хандахыг уриаллаа. Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын дүгнэлтийг үндэслэж хэсэгчилсэн хөл хорио тогтоож буйг тэмдэглээд, энэ нь иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө байгааг маш сайн ухамсарлахыг сануулав.
Мөн тэрээр зарим ачаалал ихтэй төрийн үйлчилгээний байгууллагыг 100 хувь ажиллуулах, бусад байгууллага ажлаа цахимаар буюу 30 хувийг нь ажлын байранд ажиллуулах УОК-ын заавар, зөвлөмж гарсныг онцоллоо.