Ковидын үед ч өсөлттэй Монголын хөдөө аж ахуйн салбар

Монголын мэдээ | Тойм
uranatuya@gmail.com
2021-03-29 12:11:32

Ковидын нөлөө 2020 онд Монгол Улсын бүхий л салбарт уршиг тарьж , эдийн засгийн алдагдалд хүргэсэн бол ХАА-н салбар хүнд үеийг тэсвэрлэснээр барахгүй улсын эдийн засгийн голлох дөрвөн салбар дундаас ганцаараа 14 хувийн өсөлттэй байж чадсан юм. Энэ нь уул уурхайн хамаарал давамгайлсаар байгаа эдийн засгийг хамгаалах, бэхжүүлэхэд сайн нөлөө үзүүлэх чухал салбар гэдгээ баталсан явдал боллоо.


Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 2020 онд 2.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 6.2 хувиар өссөн нь дотоодын нийт бүтээгдэхүүнд 0.8 хувийн эерэг нөлөө үзүүлсэн. ХХААХҮЯ-ны нарийвчилсан судалгаанаас харахад малын ашиг шимийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 5,9 хувиар нэмэгдсэнээр тус салбарын өсөлтөд голлон нөлөөлсөн байна.

Манай улсын хувьд ХАА-н салбар дахь үйлдвэрлэлүүд эдийн засгийн нөлөө бүхий түвшинд байсаар байгаа нь олон талын ач холбогдолтой. Уламжлалт үйлдвэрлэл, сэргээгдэх баялаг болсон түүхий эд гэх зэрэг тасралтгүй үргэлжлэх нөөц бололцоо ихтэй энэ салбарыг бодлогын түвшинд өндөр үр ашигтай хөгжүүлэхэд тун дөхөмтэй гэж мэргэжилтнүүд тайлбарладаг.

Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгч орон болохыг зорьж, дотоодын үйлдвэрлэлд багагүй анхаарсны үр нөлөөгөөр ийнхүү эдийн засгийн ахицтай үзүүлэлт тухайн салбарт харагдсан байна. Манай улсын хэмжээнд зөвхөн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цех л гэхэд 204 байдгаас 52 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. 2011 онд 42.7 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2019 он гэхэд 165 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болтлоо ахисан байдаг. Мөн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл ч жил ирэх тусам тогтвортой өсч байгаа.

Аливаа үйлдвэрлэлийн үр ашигтай байх үндэс нь түүхий эдийн нөөц бололцоо. Тийм ч учраас мал аж ахуйн орон гэгдэх улсын хувьд малын ашиг шимийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн байр суурь дэлхий нийтийг хямрал руу татаж байгаа энэ үед ч ганцаараа нэмэх үр дүнтэй гарсан байна. Энэ бол уг салбарыг илүүтэй анхааран хөгжүүлэх шаардлагатай, ингэснээр өсөн дэвших өргөн боломж байгааг харуулж байгаа хэрэг.  

Бэлчээрийн мал аж ахуйн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэн тогтворжуулах, үнэ цэнийг нь өсгөх, дэлхий дахинаа сурталчлан таниулах зэргээр бодлогын түвшинд анхаарснаар хангалттай үр ашиг хүртэх боломж монголчуудад байна. Тухайлбал дэлхийн ноолуурын зах зээлд жилд дунджаар 24 мянган тонн ноолуур бэлтгэгддэгийн 50 хувийг Хятад улс, 40 хувийг нь буюу 9.6 мянган тонныг манай улс нийлүүлдэг. Хамгийн сайндаа л угаахаас илүүгүй, нэмүү өртөг шингээлгүй түүхийгээр нь экспортонд гаргадаг манай ноолуур  дэлхийн ноолуурын зах зээлийн бараг тал хувийг эзэлж байна. Түүхий эдийн энэ нөөц бололцоог дотооддоо бүрэн дүүрэн ашиглахгүйгээр их хэмжээгээр хилийн гадна гаргадаггүй болоход энэ чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого нэн тэргүүнд шаардлагатай юм.

2021 онд цар тахлын нөлөө үргэлжлэх боловч 5.1 хувийн сэргэлттэй байна гэсэн өөдрөг төсөөллийг АХБ-наас /АХБ-ны Азийн Хөгжлийн Төлөв 2020 шинэчилсэн төсөөлөл/ гаргасан билээ. Гэвч цаашид гадны хүчин зүйл дотоодын эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг таашгүй.

Цар тахлын үед хязгаарлалтын арга хэмжээ авснаар эдийн засгийн буюу бодлогын зардал зайлшгүй гардаг. Энэ утгаараа дээрх төсөөлөлд өөрчлөлт орох нь тодорхой. Гэвч макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг ухаалгаар удирдаж чадсан тохиолдолд гадны нөлөөллөөс үүдсэн дарамтыг хохирол багатай даван туулж болох юм. Ялангуяа алдагдал хүлээж мэдэх эдийн засгийн үзүүлэлтийг нөхөж, дэмжлэг үзүүлж болохуйц салбараа Засгийн газраас дэмжих бодлогыг хэрэгжүүлэхийг зорих нь зөв алхам. Тиймдээ ч “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 500 тэрбум төгрөгийн зээлийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олгохоор болсон. 

ХХААХҮЯ-ны зүгээс өмнөх жилүүдэд зээл олгож байсан туршлагадаа үндэслэн дээрх зээлийн зарцуулалтыг хуваарилах юм. Тухайлбал ноолуур бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэл, малчдыг дэмжих чиглэлийн дагуу арилжааны банкуудаар дамжуулан “арван их наядын” зээл олгоно. Дэлхийн эдийн засаг ковидын нөхцөл байдалтай шууд хамааралтай болсон энэ үед Монгол Улс хэт их хямрал амсахгүйн тулд дотоодын нөөц бололцоогоо шавхаж байгаагийн нэг жишээ нь энэ.

Уналтад ороод байгаа олон салбараа дэмжихийн зэрэгцээ хохирол амсаагүйг нь ч илүү өндөр ашигтай болгоход чиглэсэн Засгийн газрын шийдвэрүүд дараа дараагийн нааштай үр дүнг дагуулах байх гэсэн хүлээлт байна. Үүн дээр санхүүгийн хариуцлага, зөв зохион байгуулалтын арга туршлага чухал. Өөрөөр хэлбэл, зээл олголтыг зөвхөн хэрэглээнийх бус үйлдвэрлэлийг дэмжих, сэргээх, хөгжүүлэхэд чиглэсэн байдлаар олгох зэрэгт анхаарах нь чухал байгаа юм. Хамгийн наад зах нь дотооддоо үйлдвэрлэх бүрэн бололцоотой атлаа импотроос хамааралтай хүнс, зарим нэр төрлийн хүнсний ногоо тариалалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэргийг юун түрүүнд цар тахлын энэ хаалттай үед дэмжин хөгжүүлж авах нь монголчуудад ашиг авчрах юм.

Дотоодын зах зээл харьцангуй жижиг улсын хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын орчин нөхцлийг өргөжүүлэн тэлэх зайлшгүй хэрэгтэй. Үүнээс гадна бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, үйлдвэрлэлийг өргөжүүлэх нь уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг солонгоруулахад ихээхэн нэмэр болно.

Импортлогчоос үйлдвэрлэгч орон болохыг эрмэлзсэн сүүлийн жилүүдэд иргэд олон нийтийн хандлага ч мөн зөвхөн худалдааны бизнес гэхээсээ илүүтэй үйлдвэрлэлд анхаарлаа хандуулах болсон нь анзаарагдаж, үүнээс ихээхэн ач холбогдолд хүрэх магадлал харагдаж байна. Үндэсний үйлдвэрлэлээрээ дотоод зах зээлд оролцож байр сууриа олох, цаашилбал экспортлогч болоход нь бодлогын түвшинд анхаарсан төрийн дэмжлэг зайлшгүй чухал байгаа. Ингэснээр хөдөө аж ахуйгаа ар даах найдвартай салбар болгох алхам болох юм.

Үйлдвэрлэлийг дэмжин тасралтгүй үргэлжлүүлэх, орлогыг байнга тогтвортой байлгах, ажлын байрыг хадгалах зэрэг нь зөвхөн цар тахлын үеийн хэрэгцээ шаардлага биш. Энэ нь угаас байх ёстой эдийн засгийн суурь үзүүлэлтүүд юм. Тийм учраас энэ гол баганаа ганхуулахгүй авч үлдэх нь нэн түрүүний асуудал. Мөн нэгэнт зах зээлийн жамаар бий болсон үйлдвэрлэлүүдээ хэт хямралд өртүүлэхгүй, санхүү төлбөрийн чадварыг нь сулруулахгүй байхад өндөр ач холбогдол өгөх шаардлагатай.

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас сүүлд гаргасан судалгаандаа КОВИД-19-тэй холбоотой хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авч эхэлснээс хойшхи хугацаанд ойролцоогоор 8000 орчим хүн ажилгүй болсон гэж дурдсан. Хэрэв энэ маягаар цааш үргэлжилбэл ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж эдийн засгийн ноцтой аюул тулгарна. Ажиллах хүчний хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч, үүний 49.1 хувь нь хөдөө аж ахуйн салбарт хамаардаг байна. Энэ тоо бол Монголын хөдөө аж ахуйн салбар яах аргагүй эдийн засгийн тэргүүлэх зэрэгтэй ач холбогдол бүхий салбар болохыг харуулж байгаа юм.

Монголын эдийн засагт ямар ч хүнд үед түшиг тулгуур нь болж үлдэх ХАА-н салбарт хөрөнгө оруулалт, бодлогын түвшний дэмжлэг тун чухал байна. 


Холбоотой мэдээ