Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ойн медалиар шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ойн медалиар МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлчид болон одоо ажиллаж буй зарим ажилтныг өнөөдөр шагнав.
Тодруулбал, сансрын хамтарсан нислэгийг сурвалжилсан гэрэл зурагчин С.Батсүх, сурвалжлагч Я.Сүхбаатар, гэрэл зурагчин Ц.Нинагийн охин О.Дуламсүрэн, сурвалжлагч Т.Галдангийн охин Г.Батцэцэг, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, гэрэл зургийн албаны ахлах сурвалжлагч Б.Чадраабал нарыг шагнасан байна.
Ташрамд дурдахад, ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгийн багийн гишүүд, сансрын нисэгч В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар одоогоос 40 жилийн өмнөх энэ өдөр сансрын нислэгээ амжилттай гүйцэтгэн эх дэлхийдээ газардсан юм. МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах баг 1978-1981 онд Оддын хотхон дахь сансрын нисэгчдийг бэлтгэх төвөөс эхлээд хоёр орны сансрын нисэгчид сансарт нисэж, бууж ирсэн бүх үйл явдлыг сурвалжлан мэдээлж, сансрын нислэгтэй холбоотой Монголд байгаа бүх гэрэл зургийн архивын 60 гаруй хувийг бүрдүүлсэн байдаг юм.