“Нэг тархи нэгдсэн систем” төсөл боловсруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-02 09:55:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас “Нэг тархи нэгдсэн систем” төсөл боловсруулан, 2021-2024 онд  хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.


Төслийг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлын үеэр танилцуулсан юм. Төсөл нь нийслэлийн салбар бүрт мэдээллийн технологийн шийдлийг ашиглан нутгийн захиргааны байгууллагын засаглалыг сайжруулах, үйлчилгээг цахимжуулж, төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгах, нийслэлийн харьяа газруудын үйл ажиллагаандаа ашиглаж буй мэдээллийн системийг дахин төлөвлөх, орчин үеийн ухаалаг нэгдсэн системд шилжүүлэх зорилготой.


Энэ хүрээнд төрийн үйлчилгээний шат дамжлага, авто замын түгжрэл, зам тээврийн осол, гэмтэл, авлига хүнд суртлыг багасгах, авто зогсоолын хүртээмж, тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг технологийн шийдлээр сайжруулах, иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ.


Үүнд, Онлайн бизнес төв, хэсгийн ахлагчийн үйл ажиллагааг цахимжуулах, нийслэлийн татвар, төлбөр хураамжийн нэгдсэн тогтолцоо, Орон зайн дүн шинжилгээний нэгдсэн төв, Нийслэлийн Хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хяналтын цогц систем, Хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нэгдсэн систем багтаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ