Албан тушаалтанд хандсан албан бичгийг шийдвэрлэх журам гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-15 12:59:45

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Журам батлах тухай” А/477 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлийн Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан албан бичгийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, шийдвэрлүүлэх, үнэлэх, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах, хурдан, тэгш, нээлттэй зарчмаар ажиллах зорилгоор хэрэгжүүлэх “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан албан бичгийг шийдвэрлэх журам”-ыг хавсралтаар баталлаа. 

Холбогдох журам, програм хангамжийн хэрэглээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт албан хаагчдад сурталчлан таниулах, мөрдүүлэх, нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд үүрэг болгов.

Энэхүү журам  гарсантай холбогдуулан www.smartcity.mn програмд нэмэлт өөрчлөлт оруулах, хөгжүүлэх, мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад шаардлагатай төсвийг жил бүрийн төсөвт тусгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэст, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Холбоотой мэдээ