Гурван хувийн зээлд 152.8 тэрбумыг олгоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-02 18:14:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар хүн амын эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлогын баримтлан ажиллаж байгааг Ерөнхий сайд онцолсоор байгаа. Тодруулбал, энэ нь бизнесийн үйл ажиллагааг зогсоохгүй, эдийн засгийн эргэлтийг хангах явдал юм. Үүний нэг нь бизнес эрхлэгч нарын үйл ажиллагааг дэмжих хөнгөлөлттэй буюу 3 хувийн хүүтэй зээл билээ. 

Бизнес эрхлэгчид болон дотоодын ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжиж, ажлын байр бий болгох 3 хувийн хүүтэй зээлд одоогийн байдлаар 152.8 тэрбум төгрөгийг 2431 зээлдэгчид олгоод байна. Энэ бол зээл олгож эхэлснээс хойш 3 долоо хоногт олгосон мөнгөн дүн юм. 


Гурван хувийн хүүтэй зээлд одоогоор 2431 бизнес эрхлэгч хамрагдаж, 152.8 тэрбум төгрөгийг олгоод байна. 32.452 иргэн, ААН 4.4 их наяд төгрөгийн зээл авах хүсэлтээ ирүүлснээс 9554-ийг судалж байна. 


Өнөөдрийн байдлаар нийслэлд 53.8 тэрбум төгрөгийг 660 зээлдэгч, аймаг орон нутагт 99 тэрбум төгрөгийг 1771 зээлдэгчид олгоод байна. Ангилж үзвэл ААН-үүдэд 72.2 тэрбумыг 343 компанид, 80.6 тэрбумыг 2088 иргэнд олгожээ. Шинээр 149.4 тэрбумыг 2383 зээлдэгчид, дахин санхүүжилтээр 3.4 тэрбумыг 48 зээлдэгчид олгоод байна. Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан 1.8 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргажээ. 

Гурван хувийн хүүтэй зээлийг НӨАТ төлөгч байх, ЖДҮ эрхлэгч гэсэн 2-хон шаардлага тавьсан шалгуураар олгож буй бөгөөд бага хүүтэй зээлээр орлого нь тасалдсан бизнес эрхлэгчдэд алдагдлаа нөхөж, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм. Тодруулбал, өмнө нь жилийн 19-20 хувийн хүүтэй зээл авдаг байсан бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт энэ нь том боломжийг төр, засгаас бүрдүүлж өгч буй юм. 


Тус зээлийг авсан бизнес эрхлэгч нар үйлдвэрлэлийн түүхий эд, материалаа авахаас гадна түрээсээ төлөх, ажилчдынхаа цалинг тавих, ажлын байраа хадгалахаас гадна ажилчин нэмж авах зэргээр бизнес нь хөнгөрснөөр үйл ажиллагаа нь тогтворжиж, эргэлтийн хөрөнгөтэй болох боломж бүрдэж буйг ярьж байна. 

Жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилд олгох уг зээлийг эрхэлж буй бизнесийн үйл ажиллагааг үл харгалзан өмнө нь зээлтэй байсан хүн шилжүүлж авах боломжтой зэрэг давуу талтай юм. 


Холбоотой мэдээ