Ц.Мягмар: Цахим хичээл танхимын хичээлийн чанарыг гүйцэхгүй ч багшид ачаалал их өгдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-06 13:15:59

Увс /МОНЦАМЭ/. Цар тахлын үеийн сургалтын үйл ажиллагааны талаар Улаангом сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Ц.Мягмартай ярилцлаа. Энэ хичээлийн жилд тус сургуулийн багш, сурагчид аймаг болоод улсын чанартай томоохон уралдаан тэмцээнүүдэд багагүй амжилтууд гаргасан байна.


-Юуны өмнө сургуулийнхаа талаар ярина уу?

-Улаангом сумын ууган сургуулиудын нэг Ерөнхий боловсролын 4-р сургууль нь 1947 онд анх байгуулагдсан. Өдгөө 76 багш, ажилчид, 932 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Жил тутамд сургалтын чанар болоод сургуулийн орчин нөхцөлд ахиц дэвшил гарсаар байгаа. Хамгийн сүүлд урлаг, дизайны байрны өргөтгөлийн барилга ашиглалтад орж, энэ мэргэжлийн багш нар маань кабинет тохижуулах ажлыг бүтээлчээр хийж байна. Өнөөдрийн байдлаар сургалтын орчин, анги танхимын хүрэлцээ бүрэн хангагдсан. Нэг ангид хүүхдийн тоог хэтрүүлэхгүйгээр холбогдох зөвлөмжийн дагуу танхимын сургалт явуулж байна. Цар тахлын нөлөөтэй танхимын сургалт тодорхой хугацаанд хумигдаж байгаа нь хүүхдийн сурлагад сөрөг нөлөө үзүүлж байгаа. 

-Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад хэрхэн анхаарч байгаа вэ?

-Цар тахлын үед боловсролын салбарт хүүхдийн сурлага, хүмүүжлийн асуудал чухлаар яригдаж байгаа ба сурлагын хоцрогдол их байна. Иймд багш нар хичээлийг агуулгаар нь нөхөх, сурагчдын сурлагын хоцрогдол арилгахад чиглэсэн давтлага хичээлийг үе шаттай зохион байгуулаад 2-р улирлын амралт эхэлсэн. Ямартай ч 3-р улирлын хичээл үргэлжлэн танхимын хэлбэрээр явагдаж байгаа нь сайшаалтай. Ер нь энэ цаг үед багш, хүүхэд, эцэг эх гэсэн гурвалсан хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн сурлага, хүмүүжлийн ажлыг зохион байгуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Учир нь хүүхдийг сургалтын байгууллагад даатгаад орхих биш, эцэг эхчүүд өөрсдөө анхаарал тавих, багштай нь тогтмол харилцаатай байх нь чухал гэдгийг хэлье.

Нэг үеэ бодвол эцэг эхчүүд маань хүүхдийнхээ сурлага хүмүүжилд илүү анхаарал тавьдаг болсон. Анги удирдсан багш нар хүүхдүүд, эцэг эхчүүдтэй цахимаар холбогдож хичээл орох, цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгөх, арга зүйгээр хангах үүргийг хариуцлагатай гүйцэтгэж байна. Сургуулийн түвшинд хичээлийн хоцрогдол арилгах, агуулгыг нөхөж, хичээл тогтворжиж байгаа учраас эцэг эхчүүд маань ч баяртай байгаа.

-Цахим хичээлийн үр дүн хангалтгүй байна эцэг эхчүүд хэлээд байгаа?

-Танхимын хичээл, цахим хичээл хоёр хоорондоо маш их ялгаатай. Танхимын хичээлийн хувьд хүүхэд багшийн заасан хичээлийг бодит орчинд нь судлаад, сэргээн санах, бататгах зэргээр амьд харилцаан дунд явагддаг. Энэ ч утгаараа хүүхэд хичээлээ илүү сайн ойлгохоос эхлээд масс сургалтын үр дүн их бий. Харин цахим хичээлийн тухайд ангийг 30 хүүхэдтэй гэж үзэхэд дунджаар 18-20 хүүхэд онлайнд орж ирдэг. Үлдсэн 10-аад хүүхэд хичээлээсээ хоцрох жишээтэй. Энэ мэтчлэн хүүхэд нэг бүрийн амьдрах орчны ялгаатай байдал, сэтгэхүй, оролцоо зэрэг нь цахим хичээлд хамрагдах, хичээлээ ойлгох, хүлээж авахад нөлөөлж байна.

Үүнээс гадна цахим хичээл орж байгаа болохоор багш нар сул цалин авч байгаа зэргээр зарим хүмүүс ойлгодог. Мөн чанартаа багшийн ажил тасралтгүй үргэлжилж байдаг. Учир нь танхимын хичээлээс цахим хичээлд шилжсэн үед багш нарт бичиг цаасны ажлаас эхлээд ачаалал маш их байгааг анзаарсан. Ангийн хүүхэд нэг бүртээ харилцаа үүсгэх, цахим хичээлээ заах, маргаашийн хичээлдээ бэлдэх, хүүхдүүдийн даалгаврыг шалгах гээд цаг наргүй ажиллаж байгаа. Саяхнаас танхимын хичээл эхлэхэд багш, шавьгүй сургуулиа саначихсан, халуун дулаан яриа өрнүүлсээр яаран ирж буй нь их сайхан санагдсан.

-Хэдий цар тахлын үе ч танай сургуулийн багш, сурагчид олон амжилт гаргасан гэж сонслоо?

-Манай сургуулийн багш, сурагчид энэ хичээлийн жилд аймаг, улсын хэмжээний томоохон уралдаан тэмцээнд багагүй амжилт гаргасаар байна. Тухайлбал манай сургуулийн хамт олон “Монгол бичгийн хөтөлбөр 2”-ыг амжилттай хэрэгжүүлэн 2-р байр эзэлсэн. Үүний дараагаар математикийн багш Ц.Энхмөнх аймгийн багш нарын сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд түрүүлээд, улсын уралдаанд 3-р байр эзэлсэн нь бахдам амжилт байлаа. Мөн Ерөнхий боловсролын Цогцолбор 1-р сургуулийн төгсөгчдийн 20 жилийн ойн нэрэмжит математик, физикийн хичээлийн олимпиадад багш, сурагчид багаараа 3-р байр эзэлж, Физикийн багш П.Дамдин 1-р байр, Математикийн багш Д.Бямбасүрэн 3-р байр эзэлсэн. Тэрчлэн “Орос дуу хэн сайн дуулах вэ” цахим уралдаанд гадаад хэлний багш нар багаараа тэргүүн байр эзэлсэн бол “Бийрийн жимээр Тэнгэрлэг бичиг мину” улсын уралдаанд 11а ангийн сурагч Б.Алтанзул улсын хэмжээний шилдэг 20 сурагчийн нэгээр шалгарсан зэрэг чамлахааргүй олон амжилт гаргалаа. 

Эдгээр амжилт бүтээлийн хажуугаар сургуульдаа ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон бүтээлч ажлыг санаачлан хийж байна. Мөн “Чадварлаг багш”, “Үндэсний бичгийн хөтөлбөр-3”, “Хүн болох багаасаа-2” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Танай сургуулийн өмнө тулгамдаж байгаа ямар нэгэн асуудал бий юу?

-Төсөв санхүүгийн хувьд хэцүүхэн байгааг нуухгүй. Он гараад тодорхой хэмжээнд төсөв танагдаж ирсэн. Мэдээж хуваарилагдсан төсөвтөө тохируулан сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж цалингаа тавьж байна. Мөн анхаарал татсан тулгамдсан нэг асуудал бол сургуулийн гал тогоотой болох юм. 2021 оноос эхлэн 1-5-р ангийн сурагчдад өгдөг үдийн цай хөтөлбөр үдийн хоол болсон. Бусад сургуульд үдийн хоол өгөөд эхэлчихсэн байгаа. Цаашид үдийн хоол өгдөг болохын тулд зарим ангийг гал тогооны зориулалтаар ашиглахаар бэлдээд, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Холбогдох улсын байцаагч нь ирж үзээд спорт заалны хажууд байгаа нэг ангийг хоолны заал болгох боломжтой гэсэн зөвлөгөө өгөөд явсан. Ямартай ч хүүхдийн үдийн хоолыг норм стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд чанартай бэлтгэж өгөхийг хичээж байна.

Үүнээс гадна дотуур байртай болох тухай санал гаргасан ч төдийлөн шийдэгдэж өгөхгүй байгаа. Харин энэ зун улсын төсвийн 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн арын талбайг нийтийн биеийн тамирын талбайтай болгоно. Ингэснээр ирэх хичээлийн жилд стандартын шаардлага хангасан биеийн тамирын талбайтай болно.

-Таны хувьд хэзээнээс сургуулийнхаа удирдах албыг хашиж байгаа вэ?

-Би төрөлх сургуульдаа Түүх, нийгмийн багшаар тасралтгүй 25 жил ажилласан бөгөөд Монгол Улсын зөвлөх багш зэрэгтэй. Багшаар ажилласан он жилүүдэд өөрийгөө мэргэжилдээ эзэн байж чадсан гэж боддог. Олон тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, сургуулийнхаа нэрийг гаргаж явсан үе бий. Оны өмнөхөн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 

Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох нь бидний ажлын үүрэг юм. Иймээс хүүхэд нэг бүрийн боловсрол, хүмүүжлийн төлөө хичээж ажиллах зорилго, тэмүүлэн дүүрэн байна.

-Танд баярлалаа.

                                                          /"Ковидын дараах шинэ эхлэл" Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд/


Холбоотой мэдээ