“Сум сумандаа тусалъя” уриалга гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-06 15:51:49

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймагт коронавирусний халдварын тархалт нэмэгдэж, энэ сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд сургууль, цэцэрлэг, зах, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг түр хязгаарласан. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар Ховд аймгийн Онцгой комиссын гишүүд, сумын удирдах ажилтнуудтай энэ сарын 5-нд цахим хурал хийжээ. 

Энэ үеэр зарим гишүүдийн зүгээс санал хэллээ. Тухайлбал, шаардлагатай тохиолдолд хэрэглэх оношлуур, хамгаалалтын хувцас хэрэглэл дутагдалтай, сумдад хүнсний бүтээгдэхүүн, барааны үнийн хөөрөгдөл, шатахууны хомсдол үүсч болзошгүй байна.

Түүнчлэн мал төллөж, удахгүй хаврын тариалалт эхлэх гэж буй энэ үед халдварын тархалтыг богино хугацаанд хумих, вакцинжуулалтын ажлыг шуурхай гүйцэтгэх, боловсон хүчнийг зөв хуваарилан ажиллах хэрэгтэй байна. 

Энэ чиглэлээр иргэдээ төлөөлсөн гишүүдийн хувьд УОК, ЭМЯ, ХӨСҮТ, Ховд аймагтай нягт уялдаа холбоотой байж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно гэв. 

Мөн хаана, хэзээ халдварын тохиолдол гарсан голомтыг тогтоох чиглэлээр арга хэмжээ авч, иргэд юунд анхаарах шаардлагатай, төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх нэрээр цалгардуулахгүй байх зэрэгт онцгой анхаарахыг орон нутгийн удирдлагуудад сануулсан байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт “Сум сумандаа тусалъя” уриалга гаргажээ. 

 

 

Холбоотой мэдээ