Татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг “Amazon” компанийн тэргүүн дэмжжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-07 10:33:22

НЬЮ-ЙОРК. /TASS/. Дэд бүтцийг хөгжүүлэх шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд компаниудаас авах татварыг нэмэгдүүлэх тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санааг “Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безос дэмжжээ.


“АНУ-ын засаг захиргаа дэд бүтцэд шийдэмгий хөрөнгө оруулалт хийхийг зорьж буйг нь бид дэмжиж байна. “Amazon” корпорац татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг дэмжиж байна. Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа Конгресстой хамтран өрсөлдөх чадвараа хадгалан авч үлдсэн эсвэл нэмэгдүүлсэн, тэнцвэртэй зөв шийдвэр гаргах арга замаа олно гэж итгэж хүлээж байна” хэмээн Ж.Безос мөн ярьсан байна. 


Дэд бүтцийг хөгжүүлэх шинэ төлөвлөгөөнд аж ахуйн нэгжүүдийн татварын хэмжээг 21-28 хувьд хүргэж нэмэгдүүлэхийг тусгажээ. Үүнээс гадна татвар төлөхөөс зугтах замаар олсон ашгаа гадаад руу шилжүүлэх боломжийг олгосон бүх цоорхойг арилгахыг Ж.Байдены засаг захиргаа зорьж байгаа аж.


Мөн аж ахуйн нэгжийн татварын хамгийн доод хэмжээг нэвтрүүлэх яриа хэлэлцээг хийж байна. Энэ саналыг нь Олон улсын валютын сан дэмжжээ.

Холбоотой мэдээ