Монгол цэргүүд Өмнөд Суданы иргэдийн амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-04-07 15:34:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын “Маёом” сууринд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид шархадсан иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламжийг шуурхай үзүүлжээ.


Тус улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны холын эргүүлийн 3 дугаар ээлжийн бүлэг “Юнити” секторын “Маёом” сууринд энэ оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэг гүйцэтгэж байна. Тус бүс нутагт орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, малын хулгай, дээрэм зэрэг гэмт хэрэг ихсэн, цагийн байдал хурцдаж байгаа юм.


Тухайлбал, энэ сарын 3-ны шөнө “Маёом” сууринаас 20 гаруй километрт байдаг “Боуда” тосгонд зэвсэглэсэн этгээдүүд үхэр хулгайлах зорилгоор иргэд рүү халдаж, буудалцаан болжээ. Энэ үеэр зэвсэгт дээрэмчдээс дөрөв, халдлагад өртсөн энгийн иргэдээс 23, нийт 27 хүний амь үрэгдэж, 25 хүн шархадсан байна. Шархадсан иргэдийн ихэнх нь 6-22 насны хүүхэд, эмэгтэйчүүд байжээ.


Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид тухайн хэргийн газар цаг алдалгүй очиж, орон нутгийн эмч нартай хамтран шархадсан иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, “Манкиен” суурин дахь хүмүүнлэгийн эмнэлэг рүү зөөвөрлөсөн байна. Эмнэлгийн яаралтай тусламж болон шархтан татан гаргах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулж, олон хүний амь, эрүүл мэндийг авран хамгаалсан монгол цэргүүдэд “Маёом” суурины дарга Хон Жеймс Чуол Гатлуак “Цагийн байдлын тогтворгүй энэ үед манай сууринд холын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа олон иргэдийн амь, аюулгүй байдлыг хангахад томоохон дэмжлэг үзүүлсэнд баярлалаа” хэмээн талархал илэрхийлжээ.


Олон иргэний амийг хохироосон зэвсэгт дээрэмчдийн эсрэг болон хулгайлагдсан 9500 үхрээ буцаан авахаар орон нутгийн 5000 гаруй иргэн тухайн бүс нутагт цуглаад байгаа тухай албан бус мэдээлэл байна.

Холбоотой мэдээ