Ислам шашинтнуудын ариун Рамадан сар маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-12 12:27:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн ислам шашинтнуудын ариун сар "Рамадан" маргааш /2021.04.13/ эхэлнэ. Энэ нь хижра буюу ислам он тооллын ес дэх сар буюу хүн төрөлхтний гар дээр Коран судрын анхны мөртүүд буусан сар юм.

Хүмүүс тухайн сарыг дуустал үүрийн гэгээнээс /04:36 цагаас/ эхлээд нар жаргатал /19:55 цагаас/ ганц балга ус ч уулгvй мацаг барьдаг. Энэхүү заншлыг "Ораза" хэмээн нэрлэдэг ба энэ нь исламын таван тулгуурын нэг, исламын шашинтан хүн бүрийн ариун үүрэг юм. Мацаг барихгүй байхыг жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд, аян замд яваа болон өвчтэй хүмүүст зөвшөөрдөг байна.

Мөн идэж уухаас гадна хараал хэлэх, зохисгүй зан авир гаргах, муу үйл хийх, мацаг барьсан хүмүүс бэлгийн харьцаанд орох зэргийг хориглох бөгөөд залбирал, уншлагаар оюунаа ундаалах нь илүү үр ашигтайд тооцогддог. Түүнээс гадна хүн бүр дор бүрнээ сайн үйлс хийх, нар жаргасны дараа мацаг барьсан хүмүүс болон ядууст зориулан ширээ засаж дайлах нь энэ сарын хамгийн гол заншил.

Монголын казахуудын хувьд ардчилсан шинэ Үндсэн хуулиар ард түмэнд шашин шүтэх, эс шүтэх эрх олгогдсоноор буюу 1990 оноос шашны зан үйлээ дахин сэргээж, Рамаданы зан үйлийг мөрдөж эхэлсэн түүхтэй юм.

Энэ жил орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан "Тарауих" хэмээх Рамадан сарын тусгай мөргөлийг иргэд гэр гэртээ үйлдэх, “зекет” буюу сүм, амьдралын боломжгүй хүмүүст түгээдэг хишиг, мацаг барьсан хүмүүст өгөх хоолыг /ауыз ашар/-ыг мөнгөн хэлбэрээр дансаар шилжүүлэхийг шашны байгууллагаас зөвлөж байна. 

Мацаг барих хуваарийг доор оруулж байна.




Холбоотой мэдээ