Залуу тэрбумтнуудын тоо нэмэгджээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-13 17:21:07

ШАНХАЙ. /TASS/. Дөчин насны босгыг давахаасаа өмнө хамгийн багадаа нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж чадсан тэрбумтнуудын тоо өнгөрсөн оныхоос 26-аар нэмэгдэж, 79 болжээ.

Жагсаалтад багтсан тэрбумтнуудын нийт хөрөнгө 230 орчим тэрбум ам.доллароор нэмэгдэж, 523 тэрбум ам.долларт хүрсэн байна. Залуу тэрбумтнуудын 74 нь нэг жилийн хугацаанд хөрөнгөө нэмэгдүүлж чадсан аж.

Чинээлэг залуусын жагсаалтад Австрали, Их Британи, Герман, Энэтхэг, Канад, Хятад, АНЭУ, АНУ, Сингапур, Швед зэрэг улсад амьдардаг хүмүүс багтжээ. Жагсаалт голдуу АНУ, БНХАУ, Энэтхэгт амьдардаг хүмүүсээс бүрдсэн байна. 

Тухайлбал, “Facebook” компанийг үүсгэн байгуулагч, 36 настай Марк Цукербергийн хөрөнгө 100 тэрбум ам.доллароор үнэлэгдсэнээр жагсаалтыг тэргүүлсэн бол “ByteDance” компанийн тэргүүн 38 настай Жан Имин хоёрдугаарт бичигджээ. Түүний хөрөнгийг 53 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. Харин хөрөнгө нь 23 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн “Beijing Kuaishou Technology” компанийг үүсгэн байгуулагч 39 настай Су Хуа гуравдугаарт тэмдэглэгджээ.

Холбоотой мэдээ