Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого нэмэгдэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-14 13:06:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого энэ оны эхний улиралд 93,3 тэрбум төгрөг болжээ.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1,4 (1,5 хувь) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 187,4 тэрбум төгрөг болж 101,8 (2,2 дахин) тэрбумаар нэмэгдэв.


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр, тус сангийн шимтгэлийн орлого ийнхүү нэмэгдэхэд ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл 74,8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 9,2 (14,1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг хамгийн их борлуулалттай 5 эмийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад халдварын эсрэг бэлдмэлийн эм 638,6 (29,7 хувь) сая төгрөгөөр багассан байв.


Харин сэтгэц болон зан үйлийн эмгэгийг эмчлэх эм 558,8 (68,5 хувь) сая, зүрх судасны эмийн борлуулалт 3,3 (79,3 хувь) тэрбум, даавар, дааврын үйлдэлт, жирэмслэхээс сэргийлэх бэлдмэл 851,7 (3,1 дахин) сая, бусад төрлийн эмийн борлуулалт 1,4 (3,2 дахин) тэрбум, ходоод гэдэсний замын өвчнийг эмчлэх эм 1,9 (3,5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

 

Холбоотой мэдээ