Халдвар авсан 7 иргэний эх үүсвэр тодорхойгүй байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-04-18 18:47:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосны эхний өдөр аймгийн Онцгой комиссоос ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Сүүлийн 24 цагт 524 иргэнээс PCR шинжилгээ хийхэд 29 тохиолдол нэмэгдэж, шинээр батлагдсан тохиолдол 263 боллоо. Одоогоор 70 шинжилгээний хариу гараагүй хүлээгдэж байгаа аж. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын хувьд 22 иргэн гэрийн болон ажиглан тусгаарлах байрнаас, 7 иргэний эх үүсвэр тодорхойгүй ажээ. Дээрх иргэдийн ойрын хавьтлыг илрүүлэхээр тархвар судлаачид ажиллаж байна.

Өвчлөл өндөр гарч буй Дархан сумын 12 дугаар багийн 101 дүгээр байрны оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар болсон аж. Эмчлэн тусгаарлах байранд 85 иргэн байгаа бол ажиглан тусгаарлах байранд 109 иргэн байна.

Зөвшөөрөгдсөн таван үйл ажиллагааны чиглэлийн ААНБ-уудад хязгаартай авто машины зорчих хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг аймгийн авто тээврийн төвд олгож байна.

Өнөөдрийн байдлаар Цагдаа, хүчний байгууллагуудын алба хаагчдад нэмэлтээр Төрийн 16 байгууллагын 255 албан хаагч, дүйцүүлэхийн 5 албан хаагч, 10 сургууль, 23 цэцэрлэгийн 309 багш, ажилтан нийтийн эргүүлд гарч хөдөлгөөний хэв журам сахиулахаар ажиллаж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ өдрүүдэд хүнсний дэлгүүрүүд 08:00-20:00, эмийн сангууд 08:00-22:00 цаг хүртэл ажиллана. Хүнс түгээлт 09:00-12:00, 16:00-18:00 цагт дэлгүүрүүдэд бараа хүргэнэ. Шүүхийн үйл ажиллагаа тусгай горимын дагуу ажиллах бөгөөд 7037-5162 дугаарын утаснаас мэдээлэл авах боломжтой ажээ.

Холбоотой мэдээ