Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс: Хүрэл илд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-04-20 09:33:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй хүрэл илд нь 4 см өргөн, 12,2 см өндөр, 57,8 см урт, 1444 гр жинтэй бөгөөд хүрлээр цутган урлажээ.


Хүрэл илд нь он цагийн хувьд НЭӨ XII-VII зууны үед холбогдоно. Хүрэл илдний тольтыг янгирын толгойн хэлбэртэй цутгахдаа нүд, чих, хоншоорыг нэлээд загварчлан нарийн гоёмсог эвэртэй дүрслэн, түүний хүзүү өргөсөн илдний иш болж улмаар аагтай нийлж байна.


Илд нь хоёр талдаа иртэй, үзүүр хэсгээрээ хугарсан, ишиндээ 12 ширхэг гүвгэр бүслэн гаргаж түүний ир янгирын толгойн хэлбэртэй тольт хоёрыг хооронд нь нягт уялдуулах уран сайхны аргаар бүтээжээ.

Энэхүү дурсгал нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн чимэглэх урлаг бөгөөд уран сайхны сэтгэлгээгээр баяжигдан өндөр хэмжээнд хөгжсөнийг харуулж байна. Нөгөөтэйгүүр хүрэл илд нь тухай үеийн ихэс язгууртны хэрэглэл болж, нийгмийн давхарга илт бий болсныг давхар гэрчлэх урлагийн хосгүй үнэт үзмэр юм. Уг бүтээлийг 1967 онд Төв аймгийн Дөрвүүжингийн Мангалжаваас тухайн үеийн ханшаар 1000 төгрөгөөр худалдан авч тус музейн сан хөмрөгт бүртгэсэн байна.

 

Манай оронд ойролцоогоор НТӨ 1 мянган жилээс зэсийг хорголжин тугалгатай хольж хийсэн хүрэл хэмээх нийлэг металл өргөн тархжээ. Монгол нутгаас хүрлээр хийсэн дурсгал ихээр олдож байна. Хүрэл хутгыг зориулалтаар нь дараах байдлаар ангилна.

 

• Гэр аж ахуй хэрэгцээний зориулалттай болхи хийцтэй хутгууд. Эрчүүдийн ан гөрөөнд хэрэглэдэг шовх үзүүртэй хоёр талаас ирлэсэн, гарын тулгууртай, ишиндээ цагариг сэнжтэй харьцангуй том хутгууд.

• Овгийн байгууллын эзэд, язгууртан баатарлаг эрсийн эрх ямба, нийгмийн гишүүдийн дунд эзлэх байр суурийг тодорхойлсон адгуус амьтад ба жигүүртний дүрсээр тольтыг нь чимэглэсэн уран тансаг хүрэл чичлүүр хутга хэмээн ангилна.

Одоогийн байдлаар хүрэл хутга, зэв, аж ахуйн хэрэглээний зүйлс нэлээд олддог боловч илд төдий л элбэг биш юм. 

Холбоотой мэдээ