Их-Уул сумын 7 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-20 10:42:18

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Их-Уул суманд хатуу хөл хорио тогтоож, түргэвчилсэн оношлуураар 48 иргэнд шинжилгээ хийгээд байна гэж сумын Шуурхай штабаас мэдээлэв.

-Тосонцэнгэл суманд коронавирусний халдвар батлагдсантай холбоотой Их-Уул сумын Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 19-ний 14.00 цагаас 72 цагийн тэг зогсолтыг тогтоогоод буй. Учир нь Тосонцэнгэл сумын батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын иргэд тус суманд байгаа. Тиймээс Тосонцэнгэл сум руу зорчсон иргэдийн тандалт судалгааг хатуу хөл хорио тогтоосон хугацаанд хийж байна. Мөн Тосонцэнгэл сумын батлагдсан иргэний ойрын болон дам хавьтлын иргэдийг шинжилгээнд хамруулаад байна. Өчигдөр тус сумын ойрын болон дам хавьтагч болсон 48 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 7 иргэний шинжилгээний хариу эерэг гарч тусгаарлалтад шилжүүллээ. Тиймээс иргэд гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг анхааруулж байна.

Хатуу хөл хорио үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар сумын 200 гаруй төрийн албан хаагч таван чиглэлд эргүүлд гарч ажиллаж байна” гэв. Ташрамд Их-Уул сум нь Тосонцэнгэл сумаас 45 километр, хил залгаа сум бөгөөд Улаанбаатар хотоос Завхан аймаг руу нэвтэрдэг, Увс аймаг руу зорчдог гол зам дайран өнгөрдөг аж. 

Холбоотой мэдээ