Гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеийнхээс 30.7 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-21 14:05:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд он гарсаар 61 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 30.7 хувиар буурчээ. Дээрх гэмт хэрэгт нийт 49 хүн холбогдон шалгагджээ.

2021 оны 3 дугаар сард иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 383 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан аж.

Тодруулбал, хулгайлах гэмт хэрэг 70.0 хувь, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх хэрэг 66.6 хувь, бусад гэмт хэрэг 60 хувь, дээрэмдэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус тус 50.0 хувь, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15.4 хувь буурсан байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 121.9 сая төгрөгийн хохирол учирч, 29.5 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ. Энэ хугацаанд 6.5 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилсэн.

Гэмт хэргийн улмаас 61 иргэн хохирч, нэг хүн нас барж, 24 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, хохирсон хүний тоо 29,8 хувь, нас барсан хүний тоо 75 хувь, гэмтсэн хүний тоо 25 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн илрүүлэлт Дундговь аймагт 50.0 хувьтай байгаа ба гэмт хэргийн илрүүлэлт улсын дунджаас 18.7 хувиар дээгүүр байна.

Аймгийн Цагдаагийн газар эхний гурван сард 2506 зөрчил шалгаж, 2498 зөрчлийг шийдвэрлэсэн. Зөрчил гаргасан 2426 иргэнийг 89.2 сая төгрөгөөр торгосон ба үүнээс 53 нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчин  торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байна.  

Нийт 49 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хүн буюу 50.5 хувиар буурчээ. Нийт эрүүлжүүлэгдсэн хүний 24.5 хувь нь гудамж талбайгаас, 65.3 хувь нь гэр орон сууц, 10.2 хувь нь бусад газраас эрүүлжүүлэгджээ. 

Холбоотой мэдээ