Бордоо, ургамал хамгааллын бодисын НӨАТ-ын болон гаалийн татварыг хөнгөлнө

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-04-22 16:27:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.


Төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан  танилцуулав. УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экспортлох, боловсруулах хүчин чадал, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих замаар хүн амын хүнсний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг” дэвшүүлсэн. Коронавируст халдварын улмаас газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж багасахын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгоод байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдав. 


Мөн хөдөө аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлт бүрэн хийгээгүй цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг бууруулж байна. Иймд  хөдөө аж ахуйд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын НӨАТ-ын болон гаалийн татварыг хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээв. 


Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


Мөн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Төсөлд шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн татварыг хөнгөлөхөөр тусгасан юм.

Холбоотой мэдээ