Импортоор 12 мянган тонн үр авахаас 6 мянган тонныг оруулж иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-23 14:18:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс хаврын тариалалтад зориулж ОХУ-аас 12 мянган тонн улаанбуудайн элит үр авахаас 6 мянган тонныг оруулж ирээд байна. 

Газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт 17200 тонн үр бэлэн, 9580 тонн үр нэмж авах шаардлагатай байгаа бол, Төв аймаг 8 мянган тонн үр бэлэн, 3 мянган тонн үр дутагдаж байгаа аж. Тариалалтад дутагдаж буй үрийг салбарын яам ХАА-г дэмжих сангаар дамжуулан аймаг, орон нутагт шуурхай хүргэхээр ажиллаж буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Түүнчлэн салбарын яамнаас энэ жил “Өрхийн тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих хөдөлгөөн”-ийг орон даяар эхлүүлж 2.4 тэрбум төгрөгийг төсөвт суулган энэ хэмжээний хөрөнгөөр хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр тариаланчдад олгохоо мэдэгдэж буй.


Хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувь нэмэгдүүлэх зорилгоор манай улсад дутагдаж буй сонгино, сармис, байцаа зэрэг хүнсний гол нэрийн ногооны үрийг түлхүү нийлүүлэхээр төлөвлөжээ. Хөнгөлөлттэй үнээр үр авах иргэн, ААН-үүд харьяа аймаг, дүүргийн Хүнс, хөдөө аж ахуйн газартаа хандан захиалгаа өгөхийг мэдэгдэж байна. 

Манай улс өнгөрсөн жил хүнсний ногоог 1000 орчим га-д нэмж тариалсан тул энэ жил мөн тариалалт нэмэгдэх хүлээлттэй байна. Энэ хүрээнд мөн нийлэг, хальсан хүлэмжийг тариаланчдад дэмжлэг болгож олгох аж. Түүнчлэн ХАА-г дэмжих сангаас ургамал хамгааллын бодис болон бордоонд тус бүр 1 тэрбум орчим төгрөгийн дэмжлэгийг тариаланчдад олгохоо мэдээлж байна. 


Хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувь нэмэгдүүлэх зорилгоор манай улсад дутагдаж буй сонгино, сармис, байцаа зэрэг хүнсний гол нэрийн ногооны үрийг түлхүү нийлүүлэхээр төлөвлөжээ.



Энэ жилийн хаврын тариалалт "COVID-19" цар тахлаас шалтгаалж хөл хорионы нөхцөлд эхэлж буй ч ямар ч нөхцөл байдалд тариалалтыг хэвийн явуулах бэлтгэлийг хангаж, тариалалтаа цаг хугацаанд нь хийнэ гэдгийг ХХААХҮЯ-наас мэдэгдэж байна. Энэ жил улсын хэмжээнд 530 гаруй мянган га талбайд тариалалт хийнэ. 389 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 14-15 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, малын тэжээл болон тосны ургамлыг тус бүр 50-60 мянган га-д, жимс, жимсгэнэ 7 мянган га талбайд тариалах юм. 

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ