12100 цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн төлбөрийг хөнгөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Тус
аймагт 2020 оны 12 дугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл
1.4 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлөөд байна гэж Алтай
Улиастай Эрчим хүчний салбар ТӨХК-аас мэдээлэв.
-“Завхан аймагт эрчим хүчний 12100 хэрэглэгч байдаг. Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэд, зарим аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас эрчим хүч, хог, ус дулааны хэрэглээний төлбөрийг төр хариуцахаар болсон. Үүнд, хэрэглэгчийн эрх, үүргийн хувьд хөнгөлөлтийн хугацаанд өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны төлбөртэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс хариуцна.
Энэ хэрэглээнээс хэтэрсэн төлбөрийг хэрэглэгч өөрөө хариуцахаар журамд тусгасан. Жишээлбэл, өнгөрсөн жилийн 12 дугаар сард цахилгаан, эсвэл дулаандаа 30 мянган төгрөг төлж байсан хэрэглэгчийн төлбөр 2020 оны энэ сард 40 мянган төгрөг гарвал 10 мянган төгрөгөө өөрөө төлнө гэсэн үг юм. Тэгвэл дээрх журмын дагуу өнөөдрийн байдлаар тус аймгийн 12100 эрчим хүч хэрэглэгчийн 1,4 тэрбум төгрөгийн төлбөрийг төрөөс хөнгөлсөн байна.
Завхан аймаг төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системээс цахилгаан эрчим хүчээ авдаг. Тавдугаар сараас эхлэн дээрх эх үүсвэр дээр Тосонцэнгэл, Богдын гол, Тайширын УЦС-ууд, Ургамал сумын нарны цахилгаан сүлжээ нэмэгдэж, хэрэглэгчдийг эрчим хүчээр хангана. Цар тахлын улмаас эдийн засаг хүндэрсэн энэ үед айл, өрх болон аж ахуй нэгжийн амьжиргааны зардлыг бууруулж, ажлын байрыг хадгалах, төсвийн татаасны хэмжээг бууруулсан нь санхүүгийн том дэмжлэг болсон. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд ард иргэдийн оролцоо маш чухал. Тиймээс иргэд энэ журмын дагуу эрчим хүчээ зөв зохистой хэрэглэхийг уриалж байна” гэв.
Ташрамд Алтай
Улиастай эрчим хүчний салбар ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбар нь цар тахлын энэ үеэр хэрэглэгчдийг эрчим хүчээр хангахын тулд өдөр бүр 29 ажилтан ээлжээр болон хариуцлагатай эргүүл жижүүрээр
24 цагаар ажиллаж байна.