Том малын хорогдол 88 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-29 13:56:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос оны эхний улирлын малын хорогдол, малын түүвэр судалгааг өнөөдөр танилцууллаа. Энэ жил том малын зүй бус хорогдол оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 1 сая толгой мал болоод байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 88 хувиар нэмэгджээ. Үүнд өнгөрсөн жил өвсний гарц муу, зуншлага тааруу байсан, өвөлжилт зарим аймагт хүндэрсэн, энэ хавар хүчтэй шороон болон цасан шуурга олон аймгийг хамарсан нь нөлөөлжээ. Эхний улиралд улсын хэмжээнд:

  • 578 мянган толгой ямаа,
  • 348 мянган хонь,
  • 75 мянган үхэр,
  • 41 мянган адуу,
  • 6 мянган толгой тэмээ хорогдоод байна.



Нийт хорогдсон малын 55.1 хувийг ямаа, 33.2 хувийг хонь эзэлжээ. Хорогдлын хэмжээгээр Баянхонгор 434 мянган толгой мал хорогдсоноор хамгийн их хохирол хүлээгээд байна. 

Том малын зүй бус хорогдолд байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл, ан амьтанд бариулсан болон өвчнөөр хорогдсон мал ордог байна. Төл малын хорогдол энд ордоггүй байна. 



Манай улсад 1962 оноос хойш бүртгэгдсэн том малын зүй бус хорогдлыг авч үзвэл 1968, 1977, 1983, 1993, 2001, 2010 онд хамгийн олон мал хорогджээ. Тодруулбал, 2010 онд жилийн эцсийн мал тооллогоос хойш нийт малын 23.4 хувь буюу 10 сая гаруй мал хорогдож байжээ. 


Малын индексжүүлсэн даатгал болон малчдад олгох нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолох зорилгоор хийдэг малын түүвэр судалгааг ҮСХ-ны Үндэсний тооцоо шинжилгээ судалгааны газрын Шинжилгээ судалгаа, түүврийн албаны ахлах статистикч Н.Өлзийханд өнөөдөр мөн танилцууллаа. Уг судалгааг Статистикийн хуулийн дагуу, малчдад олгох нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолох зорилгоор мэдээллийн эх үүсвэрийг бий болгох үүднээс хийдэг байна. 



Холбоотой мэдээ