Тажикистан, Киргиз хамтарсан мэдэгдэл гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-30 12:17:55

ДУШАНБЕ. /TASS/. Киргизтэй хил залгаа Согдийн мужийн Исфара хотод Тажикистан, Киргизийн төлөөлөгчид яриа хэлэлцээ хийж, хоёр улсын хилд 4 дүгээр сарын 29-нд болсон зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохоо илэрхийлсэн хамтарсан мэдэгдлийг гаргажээ.


Мэдэгдэлд Тажикистаны Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны дарга Саймумин Ятимов, Киргизийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Омурбек Суваналиев нар гарын үсэг зурсан байна. 


Хил орчимд 4 дүгээр сарын 29-нд болсон зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах комиссууд хоёр улсын Засгийн газрын санаачилгаар байгуулагдаж, талууд болсон хэргийн шалтгаан, үр дагаврыг хэлэлцэж, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох харилцан зөвшилцөлд хүрчээ. Түүнчлэн талууд хурцадмал байдлыг даамжруулахгүй байх, хоёр улсын ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн үр дүнтэй яриа хэлэлцээ хийх нөхцөлийг бий болгохын тулд төлөвлөсөн арга хэмжээгээ бүрэн хэрэгжүүлэх, гүйцэтгэх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг бий болгохоор тохиролцжээ.


Тажикистантай залгаа хил орчимд мөргөлдөөн үүссэний улмаас Киргизийн 13 иргэн амиа алдсан байна. Киргизийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, амь үрэгдсэн, шархадсан хүний тоо 134 болжээ.


Тажикистан, Киргиз нь 980 км урт газар нутгаар хиллэдэг бөгөөд ЗХУ задран унасны дараа хил орчимд хэдэн арван маргаантай хэсгүүд үлджээ. Одоогоор үүнээс 580 км орчимд нь зааглах шугам тогтоогоод байгаа аж. Зааглах шугам тогтоох асуудлаарх хамгийн сүүлд гуравдугаар сард болсон комиссын хуралдаанд Тажикистан, Киргизийн үндэсний авулгүй байдлын улсын хорооны төлөөлөгчид оролцсон байна.

Холбоотой мэдээ