Цар тахал цаашаа, Их хөлбөмбөг наашаа!

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-05-02 09:00:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ердөө сар гаруйн дараа хөлбөмбөгийн “Евро-2020”, “Copa America 2021”, “Gold cup-2021” тэмцээнүүд дуу, дуугаа авалцан эхлэнэ.


«Евро-2020» үзэгчидтэй явагдана


Энэ оны 6 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 11 хүртэл явагдах Европ тивийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн Ром хотноо Итали -Туркийн шигшээ багуудын тоглолтоор эхлэх бөгөөд Цар тахал цаашаа! Их хөлбөмбөг наашаа! хэмээх спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /”Таван цагариг”/-гийн бичсэн нийтлэлийг толилуулж байна.


Хуучин тивийн шилдэг 24 баг оролцох “Евро-2020” цар тахлын улмаас бүтэн жил хойшлогдсон билээ. Ер бусын олон онцлогтой, дахин давтагдахгүй, түүхэнд тодоор бичигдэнэ, энэ удаагийн тэмцээн.


Европ тивийн аварга шалгаруулах анхны тэмцээн зохиогдсоны 60 жилийн ойд зориулан анхнаасаа “Евро-2020” -ыг онцгой “тусгай дугаар” болгохоор УЕФА-аас төлөвлөн тэмцээнийг өргөн дэлгэр, олон нийтэд хүртээмжтэй байх зорилгоор анхны бөгөөд цорын ганц удаа 11 оронд /2024 оны Германд болох тэмцээн эргээд хуучин форматаараа явагдана/ зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Тухайлбал Холландын Амстердам, Азербайжаны Баку, ОХУ-ын Санкт-Петербург, Италийн Ром, Румыний Бухарест, Данийн Копенхаген, Германы Мюнхен, Шотландын Глазго, Унгарын Будапешт, Испанийн Севилья, Английн Лондон хотуудад “Евро-2020” -ийн тоглолтууд явагдах юм. Бүх цэнгэлдэхэд тоглолтууд үзэгчид, хөгжөөн дэмжигчид, фэнүүдтэй явагдана гэсэн “Маш сайхан мэдээ”-г УЕФА өнгөрсөн 7 хоногт зарласан.


Гагцхүү улс, хот болгон үзэгчдийн тоог харилцан адилгүй тогтоож байгаа. Будапешт гэхэд цэнгэлдэхээ 100 хувь үзэгчдээр дүүргэх төлөвлөгөөтэй байгаа бол Санкт Петербург, Баку 50 хувь , бусад хот 22-33 хувийн дүүргэлттэй байх аж. Лондон хэсгийн болон плей-оффын тоглолтод 25 хувь гэж буй ч /Лондонд хэсгийн гурав, 1/8 -ийн хоёр , хагас шигшээ хоёр болон финалын гээд нийт найман тоглолт болох юм/ хагас шигшээ, шигшээ тоглолтод үзэгчдийн тоог нэмэх зорилготой байгаа гэнэ.


“Евро-2020” мөн анх удаагаа VAR ашигласан Европын АШТ болно. Өмнө нь 2018 оны ДАШТ, 2019 оны “Копа Америка”-д ВАР ашиглаж байсан ч Европд бол анхных болох юм.


Тэмцээний журмын хувьд шилдэг 24 баг 6 хэсэгт дөрөв, дөрвөөрөө сугалаагаар хуваарилагдсан байгаа.


А: Турк, Итали, Уэльс, Швейцарь


В: Дани, Финланд, Бельги, ОХУ


С: Холланд, Украин, Австри, Хойд Македон


D: Англи, Хорват, Шотланд, Чех


E:Испани, Швед, Польш, Словак


F:Унгар, Португал, Франц, Герман


Шөвгийн 16-д хэсэг тус бүрээс 1, 2-р байрт шалгарсан багууд /12 баг/, мөн хэсэгтээ 3-р байрт шалгарсан багуудаас үзүүлэлтээр нь 4 баг нэмэгдэн хасагдах журмаар тоглох юм.


Ташрамд сонирхуулахад, 1960 онд анхны тэмцээн явагдсанаас хойшхи нэгэн жарны хугацаанд Европын аварга цолыг 10 орон хүртсэн байдаг /Герман, Испани тус бүр гурав, Франц хоёр, ЗХУ, Итали,Чехословак, Холланд, Дани, Грек, Португал тус бүр нэг/ бөгөөд энэ аваргуудаас зөвхөн Грек л “Евро-2020”-д оролцох эрхээ авч чадаагүй.  Есөн аваргын аль нэг нь дахин аваргалах уу? эсвэл  цоо шинэ аварга төрөх нь үү гэсэн асуултын хариу  2021 оны долдугаар сарын 11-нд цуут “Уэмбли”-д болох “Евро-2020”-ийн шигшээ тоглолтын дараа тодорхой болох нь ээ.


“Cора Америка -2021”  зочингүй болно



Мөн л гайт “хорон” цар тахлын  улмаас жилээр хойшлогдсон Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 47 дахь удаагийн “Copa America -2021” тэмцээн 6 дугаар сарын 13-нд Аргентины Буэнос -Айрес хотноо Аргентин-Чилийн тоглолтоор эхэлнэ. Хөлбөмбөгийн хамгийн “настай” томоохон тэмцээнд ордог, “Копа Америка” -гийн түүх 1916 оноос эхэлдэг ажгуу. Хоёр жил тутам зохиогддог байсан энэ тэмцээн ФИФА-гийн хүсэлтийн дагуу өндөр жилд,  /Олимпийн жилд/ дөрвөн жил тутам зохиогдохоор шинэ тоололд шилжиж буй нь энэ. Дараагийн “Копа Америка” 2024 онд болно гэсэн үг.


“Копа Америка-2021” мөн л түүхэндээ анх удаагаа хоёр улсад /Аргентин, Колумб/ зохион байгуулна. Нэг онцлог нь Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо / CONMEBOL/ гишүүн 10 орондоо уг тэмцээнийг ээлжлэн зохион байгуулах эрхийг  тэгш олгосон байдаг.


1990 оноос “Копа Америка”-д Хойд Америк болон Ази тивийн багуудаас урилгаар оролцуулдаг болсон бөгөөд энэ удаагийн тэмцээнд Австрали, Катарын багууд оролцох урилга аваад байсан юм. Гэвч цар тахлын улмаас хойшлогдсон ДАШТ-ий Ази тивийн урьдчилсан тэмцээний хуваарь давхацсан тул Австрали, Катарын багууд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн. Ингээд Өмнөд Америкийн 10 баг хоёр хэсэгт тойргийн журмаар тоглоно.


“ӨМНӨД” хэсэгт: /Аргентинд/


Аргентин, Боливи, Уругвай, Чили, Парагвай


“УМАРД” хэсэгт: /Колумб/


Колумб, Бразил, Венесуэл, Эквадор, Перу


Хэсэг тус бүрээс 1-4 байр эзэлсэн багууд хасагдах шатанд ( А1- В4, А2- В3, А3-В2, А4-В1) оноолтоор тоглоно.


Өмнөд Америкийн аварга цолыг Уругвай 15, Аргентин 14, Бразил 9, Перу, Парагвай, Чили тус бүр хоёр удаа, Боливи нэг удаа хүртсэн байдаг бөгөөд шинэ аваргын нэр долдугаар сарын 10-нд Колумбын Барранкилья хотноо тодорно.


“Gold cup-2021” Лас Вегаст аваргаа тодруулна



Нэр хүнд, цар хүрээгээрээ “Евро”, “Копа Америка”-д хүрэхгүй ч бас л тивийн аварга шалгаруулах “Gold Cup” тэмцээн долдугаар сарын 10-нд АНУ-д эхэлнэ. Хойд Америк болон Карибын тэнгисийн орнуудын /КОНКАКАФ/ аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд 16 баг оролцох бөгөөд гол өрсөлдөөн АНУ, Мексик, Коста-Рика, Хондурас, Канадын багуудын дунд өрнөх нь тодорхой.


Хойд Америкийн аваргаар Мексик 11 удаа, АНУ 6, Коста Рика 3, Канад 2, Хондурас, Хайти, Гватемала тус бүр нэг удаа тодорч байв. “Алтан цом-2021”( Сора de Oro)-ын  шигшээ тоглолт наймдугаар сарын нэгэнд Невада мужийн алдарт Лас Вегас хотын будаг нь ханхалсан шинэ цэнгэлдэх “ Allegiant stadium” /61 000 хүний суудалтай, битүү дээвэртэй/ -д болох юм. 

Холбоотой мэдээ