Э.Фаучи: Энэтхэгт хөл хорио тогтоох хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-02 09:56:40

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгт “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд хөл хорио тогтоох асуудлыг авч үзэх хэрэгтэй гэж АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга, доктор Энтони Фаучи мэдэгджээ.


“Эрх баригчид улс орондоо халдвар улам тархахаас сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохистой арга хэмжээнүүдийн нэг нь хөл хорио юм” гэж Э.Фаучи “The Indian Express” сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.


Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 400 мянга гаруй тохиолдол шинээр илэрсэн нь дэлхийн аль ч улс оронд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болсон юм.


Э.Фаучи Энэтхэгт үүсээд буй нөхцөл байдлыг дайнтай зүйрлээд, тус улс хүчилтөрөгч, хамгаалах хувцас хэрэгсэл гэх мэт нэн шаардлагатай бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангахад голчлон анхаарах хэрэгтэй хэмээн ярьжээ. Мөн хөл хориог нэн даруй тогтоох хэрэгтэй гэв.


“Хөл хорио тогтооход таатай ханддаг хүн гэж үгүй. Гэвч энэ арга хэмжээг цөөн хэдэн долоо хоног хэрэгжүүлснээр халдварын тархалтыг хумихад дорвитой нөлөө үзүүлнэ” гэдгийг тэрбээр онцлон хэлжээ. 

Холбоотой мэдээ