Дели хямралыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэхийг цэргийнхнээс хүсжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-04 11:57:23

ЛОНДОН. /BBC/. Коронавирусний цар тахлын хоёр дахь давлагаатай тэмцэж буй Дели хотын эрх баригчид цэргийнхэнд хандан тусламж үзүүлэхийг хүсжээ.


Хотын эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний тасгийн орнууд дүүрч, хүчилтөрөгчийн хомсдолд ороод байгаа юм. Үүнтэй холбогдуулан Дели хотын захиргаа коронавирусний эмчилгээ хийгдэж буй эрүүл мэндийн байгууллагууд, эрчимт эмчилгээний тасгуудын үйл ажиллагааг хариуцахыг цэргийнхнээс хүссэн байна. 


Халдварт өвчин огцом тархах болсноос хойш Энэтхэгт халдвар авсан хүний тоо 20 саяд дөхөж байна. Тус улсад өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо хоёр долоо хоног дарааллан 300 мянгыг давсан бол нас барсан тохиолдлын тоо 220 мянгад хүрчээ.


Үзлэг, шинжилгээнд хамрагдсан иргэдийн тоо хангалтгүй байгаа бөгөөд өвчтөнүүд гэртээ нас барах тохиолдол ихсэж байгаагийн улмаас ийнхүү халдвар авах, нас барах тохиолдол өндөр байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.


Дели хотын эрх баригчид 10 мянга орчим өвчтөн, 1000 гаруй эрчимт эмчилгээний тасагт зориулагдсан хүчилтөрөгчийн тоног төхөөрөмжийг хамарсан эмнэлгийн үйлчилгээг хариуцан ажиллахыг цэргийнхэнд уриалжээ.


 “Эрүүл мэндийн байгууллагууд маш их ачаалалтай ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор хүн хүч ихтэй Батлан хамгаалах яам нэмэлт нөөцөөр хангах, коронавивирусний өвчтөнүүдийн эмчлүүлж буй эмнэлгийн үйл ажиллагааг хариуцах үүргийг өөртөө хүлээвэл хотын оршин суугчдад үзүүлж буй цаг үеэ олсон тусламж болох юм” хэмээн Дели хотын захиргааны орлогч дарга Маниш Сисодиа хэлжээ. Түүнчлэн нэн чухал хэрэгцээтэй байгаа хүчилтөрөгчийг зөөвөрлөхөд яаралтай тусламж үзүүлэхийг тэрбээр хүссэн байна.


Вакцинжуулалт зогсонги байдалд байна

Цар тахлын хямралтай зэрэгцээд вакцинжуулалтын аян Энэтхэгт сунжирчээ. Энэтхэг нь хамгийн их хэмжээгээр вакцин үйлдвэрлэгчдийн нэг хэдий ч нийлүүлэлтийн хомсдол үүсээд байна. Нэгдүгээр сараас хойш 1.4 тэрбум хүн амтай Энэтхэгийн иргэдийн 10 гаруй хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 2-хон хувь нь хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ.

Сүүлийн саруудад вакцины хомсдол үүсээд байгаа тухай Энэтхэгийн Ийлдсийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Адар Пуонавалла мөн мэдэгдсэн байна. 


Холбоотой мэдээ