С.Эрдэнэ: АН-ын даргыг бүртгэх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-06 12:26:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЕХ-ны “Нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах” үүрэг бүхий Ажлын багаас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийн материалыг хүлээн авахаар шийдвэрлэсэн.


Энэ талаар С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ, “СЕХ нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дууссан. Энэ сарын 8-нд нэр дэвшигчийг бүртгэх эсэх талаар албан ёсны шийдвэрээ гаргана. Гэхдээ намын удирдлагууд санал тавьсан тул дотоод сонгуульд өрсөлдөж, улмаар олонхын саналаар нэр дэвших эрхээ авч, СЕХ-нд материалаа албан ёсоор хүлээлгэж өгсөн. АН-ын гишүүдийн итгэлийг хүлээж, нийт монголчуудынхаа дэмжлэгийг авч чадна гэж итгэж байгаа” гэлээ.


Мөн тэрбээр АН-ын даргыг бүртгэх, намын Их хурлын тогтоол шийдвэртэй холбоотой асуудлыг Улсын дээд шүүх ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


Ташрамд дурдахад, АН-ын дарга асан С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, намын тамгыг УИХ-ын гишүүн Ц.Туваанд шилжүүлсэн юм. Удалгүй С.Эрдэнэ АН-ын дарга хэвээр байгаагаа илэрхийлж уг нам хоёр тал болж, тус тусдаа намын даргын сонгууль зохион байгуулж, М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг сонгосон. Улмаар М.Тулгат тэргүүтэй АН-аас С.Эрдэнийг, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр СЕХ-нд хандсан. Уг асуудлыг СЕХ судлан С.Эрдэнийн нэр дэвшүүлэх материалыг хүлээн аваад байгаа. Харин УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн АН-ын О.Цогтгэрэл тэргүүтэй талаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг СЕХ-нд бүртгүүлэхийг шаардаж Д.Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ.

Холбоотой мэдээ