Д.Лхагвасүрэн: Татварын орлогын төлөвлөгөөг 129,7 хувь биелүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-06 16:05:26

Булган /МОНЦАМЭ/ Улс, орон даяар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж татвар төлөгчдөдөө талархал илэрхийлдэг. Энэ талаар Булган аймгийн Татварын хэлтсийн дарга Д.Лхагвасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

            - Энэ жилийн татварын төлөгчдийн өдрийн онцлог юу вэ?

- Эдүгээ 22 дахь жилдээ тэмдэглэж буй “Татвар төлөгчдийн өдрүүд” энэ жил “Нэг нь нийтийн төлөө, Нийт нь нэгийн төлөө” уриан дор явагдаж байна. Энэ өдрүүдийг тохиолдуулан төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад гүн талархал илэрхийлж, бизнесийн амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. 

Аймгийн хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар улсын төвлөрсөн төсвийн орлогод 229,9 сая төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 286,9 сая төгрөг төвлөрүүлж, төсвийн орлогын төлөвлөгөөг 124.8, аймгийн төсвийн орлогод 4,7 тэрбум төгрөг оруулахаас 6,196,8 сая төгрөг оруулж, орлогын төлөвлөгөөг 131.2 хувиар биелүүллээ. Мөн сумын төсвийн орлогод 565,9 сая төгрөг оруулж орлогын төлөвлөгөөг 117,3 биелүүлээд байна. Татварын хэлтэс нийт 7,0 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 129.7 хувиар биелүүлсэн амжилттайгаар татвар төлөгчдийн өдрийг угтаж байна.

- Ер нь манай аймгийн  хэмжээнд хэчнээн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн татвар төлөгчөөр бүртгэгдсэн байдаг вэ?

           -  Өнөөдрийн байдлаар манай мэдээллийн баазад 1887 хуулийн этгээд бүртгэлтэй үүний 107 нь салбар нэгж, 1780 нь манай үндсэн аж ахуй нэгж, 36272 иргэн татвар төлөгчөөр бүртгэлтэй байна. Ер нь манай татвар, санхүүгийн  салбар  нь татварын хувь хэмжээг нэмж биш татварынхаа бааз суурийг өргөжүүлж, татвар төлөгчдийн татвар төлөх сэтгэлгээг нэмэгдүүлэх замаар  төсвийн орлогыг нэмэгдүүлэх зарчим барьж ажиллаж байгаа.

Энэ хүрээнд маш их шинэчлэл хийж байна. Энэ шинэчлэл нийгмийн зайлшгүй шаардлагын хүрээнд гарч ирж байгаа. Жишээ нь энэ жил Малын тоо толгойн албан татварын тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэн. Энэ  хуулийн дагуу малчин, мал бүхий иргэд  бүгд тухайн төрлийн татвар төлөгчөөр бүртгэгдсэн, мөн хуучин хувь хүний орлогын албан татварын тухай  хуулиар бизнес эрхэлж орлого олж буй иргэдийн орлогоос татварыг шууд суутган төсөвт шилжүүлдэг байсан бол шинэчлэгдсэн хуулиар татвар төлөгч өөрийн жилийн орлогод тохирсон тайлангийн горимыг сонгож татвараа төлөх, тайлагнах эрхийг татвар төлөгч иргэн бүрт олгосон нь хуулийн шинэчлэлийн маш том өөрчлөлт болсон.

2020 оны жилийн эцсийн байдлаар 24688 татвар төлөгч иргэн тухайн төрлийн тайлангийн төрлөөр нэмж  бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, орлого олж байгаа иргэн бүр татварын тайлан гаргах үүрэгтэй болсон. Тэгэхээр хамгийн түрүүнд  манай байгууллага татвар төлөгчдийнхөө бүртгэлийг сайжруулах нь чухал болоод байна.

- Та 2020 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаасаа танилцуулахгүй юу? 

- 2020 онд татварын албаны II шатны шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн. Шинэчлэлийн гол онцлог нь татварын хууль тогтоомжийг шинэчлэхээс гадна татварын албаны бүтэц, зохион байгуулалт болон техник технологи, программ хангамжийг шинэчилсэн явдал юм. Татвар төлөгчдөө борлуулалтын орлогоор нь сегментлэн ангилж сегмент бүрийн татвар төлөгчийг дотор нь хууль тогтоомжийг мөрдөх зан хандлагаар нь хуваан тэдэнд тус бүрт нь хэрэгтэй, тохирсон үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилготой.

Татварын албаны хэмжээнд татвар төлөгчдөд үзүүлэх үндсэн 5 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулснаар татвар төлөгчдөд чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Ингэснээр татвар төлөгч өөрийн биеэр татварын албанд ирэлгүйгээр татвар төлөгчөөр бүртгүүлэх, лавлагаа тодорхойлолт авах, татварын тайлангаа илгээх, татвараа төлөх зэрэг үйлчилгээг татварын албатай цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломж бүрдсэн. 2021 оны 1 дүгээр улиралын байдлаар 1800-1288 тусгай дугаарын утсаар нийт 2445 татвар төлөгчид заавар зөвлөгөө өгч, давхардсан тоогоор 11840 татвар төлөгчдөөс 6091,0 сая төгрөгийг цахимаар төлүүлээд байна.

Бидний дараагийн нэг хийж байгаа ажил бол татвар төлөгчийн илүү төлсөн татварыг буцаан олгох ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар манай аймгийн хэмжээнд 4 хуулийн этгээдийн 10,252.3 мянган төгрөг, 804 иргэний 411,862.5 мянган төгрөгийг  буцаан олгохоор тушаал гараад байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төвлөрсөн зах, худалдааны төвүүдэд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аймгийн хэмжээний нийт 280 иргэнд цахим төлбөрийн баримт олгох QR код бүхий наалтыг нааж цахим төлбөрийн баримтыг олгож хэвшүүлээд байна. 

Холбоотой мэдээ