“Twitter” Трампын шинэ цахим хуудасны хаягийг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-05-07 12:18:28

ВАШИНГТОН. /NBC/. Twitter” компани АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын шинэ цахим хуудасны @DJTDesk (Donald J. Trump Desk, "Дональд Трампын ширээнээс") хаягийг хаажээ.


Энэ хаяг нь Трампын хаасан хаягтай холбоотой байсан тул хаахаас аргагүй байсан гэж “Twitter”-ийн төлөөлөгч тайлбарласан байна.


АНУ-ын Ерөнхийлөгч асны шинэ цахим хуудасны хаягийг нээснээс хэдхэн цагийн дараа хаажээ. Компанийн дүрмийн дагуу “хаагдсан хаягтай холбоотой нийтлэлийг түгээх эсвэл орлуулах хэрэгслийн хувиар нээсэн хаягуудыг бид хаадаг” гэж “Twitter”-ийн төлөөлөгч “NBC” телевизэд ярьжээ.


Тавдугаар сарын 4-нд АНУ-ын Ерөнхийлөгч асан дэмжигчидтэйгээ харилцах шинэ цахим хуудас нээсэн юм. Трампын дэмжигчид өнгөрөгч нэгдүгээр сард Капитол руу халдсаны дараа олон нийтийн сүлжээнүүд түүнийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж буруутгаж, хаягуудыг нь хаасан билээ.

Холбоотой мэдээ