Хөл хорионы хугацаанд нийтийн тээвэр бүрэн хүчин чадлаараа ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-07 13:28:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээврийн 300 автобус үйлчилгээнд гарахаар байсан ч зорчих хөдөлгөөн багасаагүй тул 1100 болгон бүрэн хүчин чадлаар нь ажиллуулжээ.


Тодруулбал, нийтийн тээврийн салбарт 1200 орчим автобус үйлчилгээнд гардаг. Үүнээс 1100 орчим нь өдөр бүр үйлчилгээнд гарч, 100 автобус засвар, үйлчилгээ хийлгэн, бэлтгэлээ хангаж байна. Энэ нь энгийн цаг үеийн тээвэрлэлттэй ялгаагүй үзүүлэлт аж.


Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэхээр хяналт, шалгалтыг тогтмол хийж байна. Хөдөлгөөнт болон суурин 17 байршилд  авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд 175 шалгагч хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад үйлчлэв.


Түүнчлэн нийслэлд коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтыг эрчимжүүлж, суурин болон явуулын цэгээр зохион байгуулахаар шийдсэний дагуу иргэдийг тээвэрлэх, дархлаажуулалтад хамруулах, ажиглах 156 автобусны ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийжээ.

Холбоотой мэдээ