Японд коронавируст халдвараар хүндээр өвчлөгсдийн тоо нэмэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-05-07 14:49:45

ТОКИО. /Kyodo/. Коронавирусний халдвар авсны дараа биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнүүдийн тоо Японд 1131-д хүрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Коронавируст халдвараар хүндээр өвчилсөн хүмүүсийн тоо хамгийн сүүлд лхагва гарагт 1114-т хүрч байжээ. Энэ бүлэгт амьсгалын аппарат залгуулсан эсвэл эрчимт эмчилгээний тасгуудад яаралтай эмчилгээ хийлгэж байгаа халдвар авсан хүмүүс багтаж байгаа юм. Үүний зэрэгцээ Японд өнөөдрийн байдлаар халдвар авсан нийт тохиолдлын тоо 622 мянга давж, 10 600 гаруй хүн нас баржээ.


Японы Засгийн газар коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан нийслэл Токио хот болон баруун нутгийн Осака, Хиого, Киото мужуудад дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 11-нийг хүртэл онцгой байдал тогтоосон юм. Онцгой байдлын дэглэмийг тавдугаар сарын 31 хүртэл сунгаж, мөн баруун өмнөд Фүкүока мужид тогтоох төлөвтэй байна.


Холбоотой мэдээ