Шилдэг татвар төлөгч 20 ААН, 10 иргэнийг шалгарууллаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-10 12:36:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын ерөнхий газраас 2020 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, компаниудыг өнөөдөр зарлалаа.

Шилдэг татвар төлөгч 20 ААН-д "Скай нетворк", "Монгол шуудан", Miseech", "Эдмон принт", "МТЧ", "Барилга архитектур корпорац", "Интерактив", "Термотек", "Есөн од фүүд интернэшнл", Монголын уламжлалт ЭСТ манба дацан, "Хаан групп", "Энержи-импайр", "Гермес центр", "Ди Би ай эс", "Ариусгал трейд", "Лимон фарм", "Аргамжинцэцэг", "Баянсуудал шүтээн", "Дадалбуудай" компани оржээ. 


Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдөө алдаршуулах зорилгоор мөн "Шилдэг татвар төлөгч" 10 иргэнийг тодруулжээ. Үүнд, 8.738.9 сая төгрөгийн татвар төлсөн иргэн Ж.Оджаргал, 4.610.9 сая төгрөг төлсөн Ж.Од, 502.5 сая төгрөг төлсөн Л.Элдэв-Очир, 311.5 сая төгрөг төлсөн Д.Сүрэнхорлоо, 222 сая төгрөг төлсөн Ж.Энхбаяр, 154.4 саяыг төлсөн Л.Чинбат, 154.1 сая төгрөг төлсөн Л.Болд, 139.9 сая төгрөг төлсөн Д.Ончинсүрэн, 124.9 сая төгрөг төлсөн Б.Уянга, 123.6 сая төгрөг төлсөн Ж.Баттулга шалгарчээ. 

Татварын байгууллагаас жил бүрийн 5 дугаар сарын эхэнд "Татварын өдрүүд"-ийг улсын хэмжээнд зохион явуулж, шилдэг татвар төлөгчдийг тодруулан зарладаг уламжлалтай юм. Энэ жил "Хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч", "Ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч" тус бүр 10 ААН-ийг мөн зарлав. Энд уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ хамгийн их ашигтай ажилласан, хамгийн их татвар төлсөн байгууллагаар дахин тодорлоо.

Монгол Улсын татварын алба өнгөрсөн онд татварын орлого бүрдүүлэх үүргийн хүрээнд улс, орон нутгийн нийт дүнгээр 5.4 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдүүлснийг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдээллээ. Энэ нь 2020 оны улсын нийт төсвийн 52 хувийг бүрдүүлжээ. 

Гэрэл зургийг Н.Батбаяр



Холбоотой мэдээ