Татварын орлого 2016 оныхоос 2.3 дахин өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-10 18:11:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын татварын албанаас жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь 7 хоногт Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэдэг. Энэ удаа 22 дахь жилдээ болж буй Татвар төлөгчдийн өдрүүд "Таны төлсөн татвар тахлыг давах дэм" уриан дор болж, 

  • шилдэг татвар төлөгчдийг алдаршуулах үүднээс шилдэг татвар төлөгчдийг тодруулан зарлах, 
  • Татварын хуулийг сурталчлан таниулах цахим сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөх,
  • Хүүхэд, залуучуудын дунд татварын боловсрол олгох хичээл явуулж, гар зураг болон тикток бичлэгийн уралдааныг зохион байгуулах,
  • "Татвар төлөгчдөө сонсоё" аянг сошиал сайтуудад өрнүүлэх юм.

Энэ удаагийн өдрүүдээр шилдэг татвар төлөгчдийг сегмент тус бүрээр шалгуурахаас гадна "COVID-19" цар тахлын үед хамгийн ашигтай ажилласан болон ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч ААН-үүдийг тодрууллаа. “Хамгийн их татвар төлсөн 10 ААН"-ээр:

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, 
  • "Эрдэнэс таван толгой",
  • "Оюу толгой" ХХК, 
  • АПУ ХК, 
  • "Энержи ресурс", 
  • "Болдтөмөр ерөө гол", 
  • "Спирт бал бурам", 
  • "ТИ ЖИ ВИ СИ ӨҮ", 
  • "Хүрэн толгой коал майнинг", 
  • "Тавантолгой" ХК тодорлоо. 


Татварын шинэ хуулийн анхны жилийн хэрэгжилтийн тайлангаар 300 сая хүртэл борлуулалтын орлоготой 16.706 ААН нэг хувийн татвар төлж, 32.2 тэрбум төгрөгийг ААН-үүдэд үлдээжээ. 


“Хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч"-өөр мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨАТҮГ, "Эрдэнэс таван толгой", "Хүрэн толгой коал майнинг", ХААН банк, "Энержиресурс, "Ти Ти Жи Ви Си Өү", "Тийсс Монгол", "Бодь-Интернэшнл", "Монголын алт МАК", "М Си Эс Протерти" компаниуд, 

"Ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч"-өөр "Таван толгой түлш", "Мобиком корпорац", "Юнител", "Номинхолдинг", "Таванбогд фүүдс", "Өндөр алтайн зам", "Мэдээлэл холбооны сүлжээ", "Багануур", "Жимобайл", "Жүр-Үр"  компани тус тус шалгарлаа. 




Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлого өнгөрсөн онд 2016 оноос 2.3 дахин өссөнийг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал өнөөдөр мэдээллээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 10.4 их наяд төгрөгийн 52 хувийг татварын албанаас төвлөрүүлж, 48 хувь нь бусад байгууллагаас төвлөрчээ. 

Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ААН-үүдээ томруулах, татварын үйлчилгээг энгийн хялбар болгох зорилгоор хийж баталсан Татварын шинэ хуулийн анхны жилийн хэрэгжилтийн тайланг мөн өнөөдөр танилцууллаа. Тайлангаар 300 сая хүртэл борлуулалтын орлоготой 16.706 ААН нэг хувийн татвар төлж, 32.2 тэрбум төгрөгийг ААН-үүдэд үлдээжээ. 


Холбоотой мэдээ