Анхны бага, дунд сургуулийн барилгыг одоо ч ашиглаж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-05-12 12:08:53

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын анхны бага сургуулийн загвар /макет/ аймгийн музейд хадгалагдаж байна. Бичиг үсэгтэй болох хөдөлгөөн 1936 оны 5 дугаар сарын 3-нд "Зуны сургууль" нэртэйгээр тухайн үеийн Сэлэнгэ аймгийн Дархан сумын нутаг Хүйтэний голын Ногоон модон гүүрний дэргэд үйл ажиллагаа явуулж байжээ. Анх нэг багш 28 сурагч, анги, байр, контор хэмээх 3 гэртэй сууриа тавьсан бага сургууль 1939 он болоход 4 ангитай 100 орчим сурагчтай өвлийн сургалттай болсон байна.

1950 онд Улаанбаатар төмөр замын Дархан өртөө байгуулагдаж, Хүйтэний гол дахь бага сургууль тус өртөөг түшиглэн, 1955 онд 4 тасалгаа бүхий “Дүнзэн байшин”-д нүүн ирж, монгол, орос нийлсэн 70 гаруй хүүхэдтэй бага сургууль болж суурьшжээ.

Энэ бага сургууль нь 1958-1959 оны хичээлийн анхныхаа 4 дүгээр ангийн төгсөлтийг хийн, боловсролын гэрчилгээ олгож, 1960-1961 оны хичээлийн жилд 269 сурагчтай, 20 гаруй багштай бүрэн бус дунд сургууль болсон байна. Дунд сургууль болон өргөжихөд ширээ, сандлын хүрэлцээ муу байсан тул хил залгаа Хушаат сумын бага сургуулийн ширээ сандал авч ирж, хичээлийн шинэ жилийн нээлт хийж байсан түүхтэй. Тухайн үед Хушаат сум нь татан буугдсан байсан бөгөөд агуулахад байсан ширээ сандлыг ийнхүү шилжүүлж байжээ. Дунд сургуулийн анхны захирал нь Ш.Ханчиндорж, Хичээлийн эрхлэгч Г.Чүлтэм нар байлаа.

Дархан хотын бага, дунд сургуулийн барилга нь одоо ч гэсэн ашиглагдаж байгаа. 1990 оноос хойш тус дүнзэн байшинд Хараагийн Дара-Эхийн Гэцогдаржаалин хийд үйл ажиллагаа явуулж байна.

 

Холбоотой мэдээ