НДШ, тэр дундаа ТДШ-ийг хоёр хувиар бууруулах уу?

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-05-12 14:33:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл (ТДШ)-ийн хэмжээ 14 хувь буюу тус бүрдээ 7 хувь (2009-2017 он хүртэлбайжээ. Түүнийг  2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр баталсан хуулиар өөрчилж, 19 хувь буюу ажил олгогч, ажилтан хоёр тус бүрдээ 9.5 хувиар НДШ төлөхөөр болгожээ.


Гэхдээ  Нийгмийн даатгалын тухай (НДТ) хуулиудыг хэрэглэх журмын тухай  хуулиар ТДШ хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэхээр хуульд тусгажээ. Хуулийн  эхний хоёр жилийн нэмэгдэл хэрэгжээд ажил олгогч, ажилтан хоёр тус бүр 8.5 хувь, нийт  НДШ төлөлт 17 хувьтай байна. Харин энэ оны эхнээс хэрэгжих учиртай нэмэлт хоёр хувь (хойшлогдсон)-ийн шимтгэлийн хувь заяаг одоо шийдэх гэж байна.


Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс төсвийн байгууллагууд (Төрийн алба, ТӨК) НДШ-ийг нэмэгдсэн хэлбэрээр (19 хувь) төлөөд явж байгаа. Цар тахлын хүндрэлийн улмаас аж ахуйн нэгж, байгууллагыг санхүүгийн хувьд дэмжих үүднээс  нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг төрөөс хийж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл  ажил олгогч болон даатгуулагч нар НДШ-ээс зөвхөн ТДШ-ийг хөнгөрүүлсэн хэлбэрээр буюу 8.5 хувиар төлж байна.


Өнгөрсөн хугацаанд цар тахал нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөөлж аж ахуйн нэгжүүд  хаалгаа барихад хүрээд байгаа билээ. Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн НДТ хуульд өөрчлөлт оруулах, ТДШ-ийг хоёр хувиар бууруулах тухай  хуулийн төслийг  Т.Энхтүвшин тэргүүтэй  УИХ-ын зарим гишүүд санаачилжээ. Нэг үгээр хэлбэл 2020 онд хэрэгжих ёстой байсан  ажил олгогч болон ажилтаны тус бүр төлөх нэг, нийлээд хоёр хувийг цаашид яах вэ гэдгийг парламент хэлэлцэж эхэлжээ.


 Хууль батлагдвал ажил олгогч, даатгуулагч тус бүрийн төлөх шимтгэлийн хэмжээ буурна. Тэдний  орлого дунджаар 10 орчим хувиар өснө. Түүгээр зогсохгүй  аж ахуйн нэгжид очих эдийн засгийн дарамт багасгана. Улмаар ажлын байр хадгалах,  хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар дээшлэх ач холбогдолтой гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Харин Нийгмийн даатгалын сан (НДС)-гийн хөрөнгө буурна. Ийм учраас төсвөөс уг  санд олгох санхүүгийн дэмжлэг  нэмэгдэх аж.


УИХ-ын гишүүдийг дээрх хуулийн төслийг санаачилхаас өмнө Засгийн газар ТДШ-ийн хоёр хувийн  нэмэгдлийн хэрэгжилтийг  2022 он хүртэл хойшлуулах  зохицуулалтад бэлтгэж байжээ.  Энэ талаар УИХ-ын Нийгмийн бодлогын Байнгын хорооны хурал (2021-5-11) дээр гишүүн Д. Батлутын асуултад ХНХ сайд А. Ариунзаяа “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо  2021 оны нэгдүгээр сараас ажил олгогч болон ажилтнаас авах тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 1 хувиар нэмэх хуулийн хэрэгжилтийг хойшлуулж, 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх зөвшилцөлд хүрсэн” гэсэн хариултаас харж болно. Түүнээс гадна  2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш он дуустал 94.5 тэрбум төгрөг шаардлагатай. Харин  2022 оноос эхлэн жил бүр 198.9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс тус санд олгох шаардлагатай гэсэн тооцоолол хийсэн байжээ. ХНХ сайдын ярьж байгаагаас үзвэл Засгийн газар УИХ-ын гишүүдийн ТДШ-ийг хоёр хувиар бууруулах хуулийн төслийг дэмжих бололтой.


Гэхдээ төсвийн тухай хуулийн “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” (6.2.5зохицуулалттай.  Түүнчлэн цар тахлын улмаас  улсын төсвийн орлого 10 орчим хувийн бууралттай яваа аж. Гишүүдийн санаачилсан  төсөл ТДШ-ийг хоёр хувь бууруулах хуулийг батлах уу, харин хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах уу гэдэг сонголтыг парламентын  өмнө тулгав бололтой. Гишүүд хуулийн төслийг өргөн барихдаа УИХ-ыг төсөвт тодотгол хийх ёстой гэж үзжээ. Харин хойшлуулсан нөхцөлд ХНХ сайдын багцад зохицуулалт хийх гэнэ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021-5-13) хэлэлцэнэ.   НДШ, тэр дундаа ТДШ-ийг хоёр хувиар бууруулах уу, үгүй юү гэдэг асуултад УИХ хариулт өгнө.

Холбоотой мэдээ