Коронавирустэй холбоотой даатгалын 5 шинэ үйлчилгээнээс 609.5 сая төгрөгийн хураамж төвлөрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хорооны өнөөдрийн хуралдаанаар, Санхүүгийн зохицуулах хорооноос цар тахлын үед зохицуулалтын салбарт хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулав.
Хуралдаанд СЗХ-ны дарга Д.Баярсайхан тус хорооноос салбарын эрсдэлийг дахин үнэлэх, дотоод нөөц бололцоог дайчлах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, тэр дундаа цахимжуулахад онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа гэв.
Эхлээд тэрбээр хөрөнгийн зах зээлийн талаар танилцуулсан. Монголын хөрөнгийн биржийн арилжаа цахим горимоор хэвийн явагдаж байгаа бөгөөд энэ оны эхнээс тавдугаар сарын 20-ны өдрийн хооронд 616.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн гэв. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 41.15 дахин өссөн үзүүлэлт аж. Энэхүү өсөлтөд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан 347.7 тэрбум төгрөгийн бондын арилжаа голчлон нөлөөлжээ.
УИХ-ын 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК нэг” ХХК-д түрээсийн орлогоор баталгаажсан буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгосон. 15 жил хүртэл хугацаатай орон сууцны түрээсээр баталгаажсан 34.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 343,580 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэсэн байна. Арван хоёрдугаар сарын хурлаар “НОСК хоёр” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгож тус компанийн 447 иргэнд олгосон түрээслээд өмчлөх орон сууцны зээлийг багцалсан 39.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 2021 оны хоёрдугаар сард бүртгэсэн.
Бондын зах зээлийн зохицуулалтын орчныг шинэчлэн сайжруулахтай холбоотой хаалттай бондыг арилжаалах зах зээлийн зохицуулалтыг бий болгосон байна. Энэхүү зах зээлийг ил тод болгох чиглэлээр “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг боловсруулж, батлуулсан байна. Ингэснээр компаниудын хувьд хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчин бүрдэж, үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна гаднын хөрөнгө оруулагчаас хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах, мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг чухал ач холбогдолтой юм байна. Мөн нийтэд санал болгон гаргах үнэт цаасны шаардлага, шалгуурыг хангахад хүндрэлтэй байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч нарт биржийн бус зах зээлээс санхүүжилт босгох таатай нөхцөл бүрдсэн гэлээ.
Зах зээлийн арилжаанд оролцоход гарах хэлцлийн зардлыг бууруулах, арилжаа хийгдэх шат дамжлагыг багасгах чиглэлээр дэд бүтцийн байгууллагуудад чиглэл өгч, холбогдох дүрэм, журамд орсон өөрчлөлтүүдийг батламжлах ажил хийж байна. Үүний үр дүнд анхдагч, хоёрдогч зах зээлийн арилжааны төлбөрийн шимтгэл тус тус 0.24 хувь байсныг 50 хувиар бууруулж, тус тус 0.12 хувь болгосон.
Санхүүгийн зохицуулах хорооноос бодлогын баримт бичигт тусгасан арга хэмжээний хүрээнд дараах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах ажиллагаанд оролцогч этгээдүүдэд тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журмуудад санал өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, “МҮЦСК” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг, “Үнэт цаас санхүүжилтийн корпорац” ХХК-д хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгосон.
Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 758 дугаар тогтоолоор “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам”-д хоёр биржийн хооронд иргэн, ААН өөрийн эзэмшлийн хувьцааг чөлөөтэй хөрвүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгож, дэд бүтцийн шийдэл, оролцогчдын эрх ашиг хамгаалагдах гэрээний харилцааг бий болгосон. Чөлөөтэй хөрвөх нөхцөл бүрдсэнтэй холбоотой “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааг бүртгэж, тухайн компанийн хувьцааг эзэмшиж буй Канад болон Монгол Улсын иргэн, ААН өөрсдийн эзэмшлийн хувьцааг хоёр биржийн хооронд чөлөөтэй хөрвүүлж, арилжих нөхцөлийг бүрдүүлснийг онцлон танилцуулсан.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг анхдагч зах зээлд арилжих зөвшөөрлийг олгож, захиалгыг амжилттай зохион байгуулж, нийт 973 хөрөнгө оруулагчаас 347.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.
Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны Д.Баярсайхан дарга даатгалын зах зээлийн талаарх мэдээллийг танилцуулав. Коронавирустэй холбогдох даатгалын таван шинэ бүтээгдэхүүн тус хороонд бүртгэгдэж, зах зээлд нэвтэрсэн бөгөөд нийт 17.3 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий даатгалд 14758 иргэн, албан хаагч (богино хугацааны үнэ төлбөргүй даатгалд хамрагдсан 84.0 мянга орчим иргэнийг оруулаагүй дүн) хамрагдаж, 609.5 сая төгрөгийн даатгалын хураамж төвлөрсөн ба 181 даатгалын тохиолдолд 207.7 сая төгрөгийн нөхөн төлбөр олгогдсон байна. Анх "КОВИД-19" цар тахлаас сэргийлэх хүрээнд компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд энэ бүтээгдэхүүнүүдийг санал болгож байсан бол энэ оноос эхлээд арилжааны даатгалын тухайлсан бүтээгдэхүүн болсон нь даатгалын нөхөн төлбөрийг олгоход нөлөөлсөн гэж СЗХ үзэж байгаа гэв.
Өнөөдрийн байдлаар “Нэйшнл лайф даатгал” ХХК, “Мандал даатгал” ХК, “Ард даатгал” ХК, “Миг даатгал” ХХК КОВИД-19 цар тахалтай холбоотой даатгалын бүтээгдэхүүн гаргасан байна.
Хорооны 2021 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчдод тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийн шинэчилсэн найруулгад бүртгэл, зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулах зохицуулалтуудыг тусгасан. Ингэснээр байгууллагуудаас ирүүлсэн бүртгэл, зөвшөөрлийн хүсэлтүүдийг цахимаар шийдвэрлэн ажиллаж байгаа аж. Даатгалын компаниуд даатгалын нөхөн төлбөрийн материалыг цахимаар бүрдүүлэн авах болон даатгалын гэрээ байгуулахдаа цахимаар болон аливаа дэвшилтэт технологи ашиглах болжээ.
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын үед буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд даатгалын компанийн хувьд нийт 21 906 даатгалын тохиолдол бүртгэж, 17 605 тохиолдлын 14,449.3 caя төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон бол одоогоор 4,231 даатгалын тохиолдол шийдвэрлэгдээгүй байна. Урт хугацааны даатгагчийн хувьд 617 тохиолдолд 346.6 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон бол ердийн даатгалын компаниудын хувьд дээрх хугацаанд гэнэтийн осол, эмчилгээний даатгалын 7 445 тохиолдол бүртгэгджээ.
Цар тахалтай холбогдуулан эдийн засгийн байдал хүндэрч, иргэд аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа доголдсонтой холбогдуулан иргэдийг чанаргүй зээлийн ангилалд шилжүүлэхээс урьдчилан сэргийлж ББСБ-уудад мөрдөгдөж буй “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д нийт гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ингэснээр 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар зээлд эзлэх хугацаа хэтэрсэн болон чанаргүй активын хэмжээ 14.3 хувь байснаас 26 хувь болж 164.8 тэрбум төгрөгийн зээлийн ангилал огцом буурах байсан тул салбарын эрсдэлийг бууруулах, зээлдэгчдийн зээлийн ангилал муудахаас сэргийлсэн чухал бодлогын шийдвэр болсон. Нөгөө талдаа зээлдэгчид ирэх дарамт, тэдгээрийн ангилал буурах эрсдэлээс холбогдох хуулийн хүрээнд сэргийлж, хойшлуулсан байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд цар тахалтай холбогдуулан ББСБ-уудын зээлийн эргэн төлөлт удааширч, үйл ажиллагаа нь доголдож хүндрэл үүссэнтэй холбогдуулан ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг 2022-2023 он хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн.
Зээлийн батлан даалтын сан нь 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл” зориулалтаар 77 зээлдэгчийн 21.6 тэрбум төгрөгийн зээлд 10.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.
Санхүүгийн зохицуулах хороо бүхий л үйл ажиллагаагаа цахимжуулсан, мөн /http://www.frc.mn/i/Feedback/-аар болон 51-262608, 51-261275 дугаарын утсаар иргэдээс салбарын зохицуулалттай холбоотой санал, гомдлыг байнга авч, шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаагаа дуулгав. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал, хадгаламж, зээлийн хоршооны бүх гишүүдийн ээлжит хурлыг хуралдуулахад хүндрэлтэй байдал үүссэн тул нэг дор олон хүн цуглуулахгүйгээр хурлыг цахим хэрэгсэл, зайны технологийг ашиглан зохион байгуулах чиглэлийг Хорооноос өгснөөр хувьцаат компани, хадгаламж, зээлийн хоршоод хэлэлцвэл зохих асуудлуудаа бүрэн шийдвэрлэж байна. 2021.05.20-ны өдрийн байдлаар 111 хувьцаат компани, 95 хадгаламж, зээлийн хоршоод бүх гишүүдийн хурлаа хийснээс нийт 206 байгууллагын 133 нь буюу 64.5 хувь цахимаар хуралджээ.