Прокурорын газрын хамт олон Буянт голыг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-26 16:16:27

Ховд /МОНЦАМЭ/. Байгаль цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан Буянт голын усны түвшин ойрын жилүүдэд багасах, орчны бохирдол, ахуйн хог хаягдал нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа. Иймээс Ховд аймгийн Прокурорын газрын хамт олон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилго бүхий “Байгалиа хамгаалъя” үйлсэд нэгдэж, олон талт үйл ажиллагааг өрнүүлж байна. 

Өнөөдөр тус байгууллагаас Буянт голын ай сав орчмыг хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор зориулалтын бус газарт хаясан хог хаягдлыг цэвэрлэлээ.

Тус байгууллагын 30 гаруй ажилтан, алба хаагч өнөөдрийн цэвэрлэгээний ажлыг хийхдээ цэнгэлдэх хүрээлэнгийн доод хэсгээс тодорхой маршрутын дагуу явж, голын доторх болон ойр орчмын хог хаягдлыг түүж, машинаар хогийг ачуулжээ.

Байгаль орчноо хайрлан хамгаалах нь хүн бүрийн үүрэг учраас цаашид иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагууд "Байгалиа хамгаалъя" уриан дор нэгдэж, Буянт голын ойр орчмыг цэвэрлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, хогийг зориулалтын цэгт хүргэж хэвших, голын усанд хир буртгаа угаахгүй байхыг мэргэжилтнүүд уриалж байв.  

Холбоотой мэдээ