Иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг дээд хэмжээнд баримтлах шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-06-02 20:33:24

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг коронавируст халдварын хүрээг хумьж, шар түвшинд шилжээд байсан бол өчигдрөөс зөөвөрлөгдсөн халдварууд илэрч, тохиолдлын тоо нэмэгдээд байгаа юм. Энэ талаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэнгээс тодрууллаа. 


-Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд коронавируст халдварын хэчнээн тохиолдол илрээд байна вэ?

-Нийт 67 тохиолдол илрээд байна. Үүнээс Хэрлэн суманд 17, Хөлөнбуйр суманд гурав, Цагаан-Овоо суманд 17, Дашбалбар суманд 6, Баян-Уул суманд дөрөв, зөөвөрлөгдсөн 23 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн 48, шилжсэн нэг, одоогоор эмчлүүлж байгаа иргэдийн 15 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна. Халдварын голомтот бүс нутгаас 268 иргэн ирж, тусгаарлан ажиглах байранд 23, гэрийн тусгаарлалтад 958 иргэн байгаа. 

-Хамгийн сүүлд батлагдсан тохиолдлуудын талаар мэдээлэл өгөөч?

-Улаанбаатар хотоос үндсэн хаягтаа ирсэн гэр бүлийн гурван хүн буюу хоёр том хүн, нэг хүүхэд халдвартай нь батлагдсан. Тэдний ойрын хавьтлын 110, дам хавьтлын 525 иргэн байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр тавдугаар сарын 22-ны өдрөөс хот хоорондын автозамын хөдөлгөөнийг нээснээс хойших хэдхэн хоногийн хугацаанд нийслэлээс Дорнод аймагт ирсэн иргэдийн дундаас коронавируст халдварын 20 гаруй тохиолдол бүртгэгдэж, гэр бүлийн гишүүд халдварт өртсөн нь шинжилгээгээр батлагдаад байна. 

-Энэ дунд бага насны хүүхэд өвдөх тохиолдол элбэг байх шиг байна?

-Бидний санааг хамгийн ихээр зовоож буй зүйл бол коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдахгүй байгаа хүүхдүүд халдварт өртөж буй явдал юм. Та вакцины бүрэн тундаа хамрагдсан нь халдвар туссан тохиолдолд хүндрэх эрсдэлийг бууруулна. Харин өртөхгүй, тээхгүй, бусдад эрсдэл учруулахгүй гэсэн үг огт биш. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч халдварын голомтот бүс нутгаас ирсэн л бол Та бүхэн гэрийн тусгаарлалтын долоо хоногийн дэглэмээ чанд баримтлахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Түүнчлэн УОК-ын даргын баталсан журмын дагуу вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоносон иргэнийг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан шаардахгүйгээр нэвтрүүлнэ. Ирснээс хойш 6 хоногийн дараа тандалтын шинжилгээнд хамруулна. Вакцины хоёр дахь тунгаа аваад 14 хоноогүй иргэдийг тусгаарлан ажиглах байранд байрлуулж, зургаа дахь хоногт шинжилгээ авч хариу сөрөг гарсан тохиолдолд үргэлжлүүлэн долоо хоног гэрийн тусгаарлалтад шилжүүлнэ. 

-Вакцинжуулалтад манай аймгийн иргэд хэр идэвхтэй хамрагдаж байгаа бол?

-Вакцинжуулалтын эхний тунд 45065 иргэн, хоёр дахь тунд 28308 иргэн хамрагдаад байна. Энэ сарын тавны өдөр гэхэд вакцинжуулалтад хамрагдах насанд хүрсэн нийт иргэдийн 80 гаруй хувь хоёр дахь тунд хамрагдаж дуусна гэж тооцоолж байгаа. Тиймээс дээрх иргэдэд бүрэн дархлаа тогтох хугацааг энэ сарын 20-ны өдөр хүртэл гэж үзэж, иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг гурван долоо хоног л дээд хэмжээнд баримтлах шаардлагатай байна. Аймгийн Онцгой комиссоос гаргаж байгаа шийдвэр бүхэн нийтийн эрх ашгийн төлөө гэдгийг иргэд маань ойлгоорой гэж хэлье.

-Аймаг дотроо буюу сум хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ?

-Аймаг дотор зорчих иргэдээс ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан шаардахгүй, харин иргэд www.70584647.mn сайтад хүсэлтээ өгч бүртгүүлэн хяналттайгаар зорчино. Мөн аймаг дотроо уул уурхайн компанид ажилладаг иргэд ээлж солихоор ирэхдээ тусгаарлагдах шаардлагагүй. Харин Улаанбаатар хот болон бусад орон нутгаас ээлж солихоор ирж байгаа бол тусгаарлах байранд байлгана.

-Ярилцсанд баярлалаа.




Холбоотой мэдээ