У.ГАНБАЯР: ИД ШИДИЙН ОРОНГ ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД ХАМТДАА БҮТЭЭСЭН

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2021-06-03 13:07:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

I.


Их хотын чимээ шуугиангүй хэр нь хөдөөний нам гүмхэн бяцхан суурингийн амар амгалан мэт эл хульхан дүнсгэр ахуй энд үгүй. Учир нь хотын захын дүүрэг, тахир гудамжууд нэвт сүлбэсэн, нохдын дуу, хүүхдүүдийн шуугиантай гэр хорооллуудад “амьдралын төлөөх тэмцэл” жинхэнэ утгаар өрнөдөг билээ.


Жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өглөө Баянзүрх дүүргийн Улиастайн эцэст байрлах “Ид шидийн орон 2” төв хүүхдэд зориулсан олон сонирхолтой сургалт, үйл ажиллагаа явуулж, зуу зуун бяцхан зүрхийг баярлуулна. Гэтэл сүүлийн хоёр ч жил цар тахлын улмаас болж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор үйл ажиллагаа нь хумигдаж, сургалт явагдаагүй билээ. Харин өнгөрсөн сарын сүүлчээр хөл хорио тавигдаж, вакцинжуулалт идэвхтэй хийгдэх болсон ч мөн л халдварын байдал хүнд хэвээр.


Тэгтэл зургаадугаар сарын 1-нд өглөөний 07 цаг 34 минутанд эхний зочин болох бяцхан охин хамгийн гоё даашинзаа өмсчихсөн “Ид шидийн орон 2”-ын үүдэнд иржээ. “Хүүхдийн паркаас өгсүүлээд тоглож болох бүх л газар нь хаалттай байсан. Тэд найзуудтайгаа ч уулзалгүй хоёр жил боллоо. Өөрт байдаг хамгийн гоё хувцсаа өмсөөд өглөө эрт хашааны хаалган дээр баяр хөөрийг зүрхэндээ тэврээд ирчихсэн хүүхдүүдэд үүд хаалгаа нээхгүй байж үнэхээр чадсангүй” хэмээн “Лантуун дохио ТББ”-ын тэргүүн У.Ганбаяр хэлж байлаа.




Ийнхүү тэд жилд ганцхан тохиолддог баярынхаа өдөр хотын гэр хорооллын захад байдаг “Ид шидийн оронд”-оо ирэв. Хог хаягдал, эвдэрхий зам, тоос шороо бургисан захын хорооллын дунд говийн цөлд орших баянбулаг мэт санагдах, хашаандаа “Шидэт төгөл” тарьж ургуулсан “Ид шидийн орон” баярын өдөр хүүхдүүдэд үүд хаалгаа цэлийтэл нээжээ. Тоглоомын талбай тэдний баяр хөөрөөр цалгисан дуугаар дүүрэн байхыг харахуйд хүүхдийн төлөө “за” гэж худлаа хэлэх, харин бодитой ажил хийх хоёр хоорондоо асар их ялгаатайг харж зогслоо.


II.




“Лантуун дохио”-гийн тэргүүн асан Ч.Ганжавхлан энэхүү байгууллагыг анх үүсгэсэн цагаас өдийг хүртэл гэр бүл, хүчирхийллийн золиос болсон, нийгмээс гадуурхагдаж орхигдсон, цаг хугацааны эрчимтэй урсгалд гээгдэж хоцорсон, хүний соёлын гадна талд мартагдсан хүүхдүүдийн төлөө тууштай тэмцэж 2016 оноос эхлэн “Ид шидийн орон төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө бодитой үр дүнд хүрсэн. Харин “Лантуун дохио” гэх чанга дуу сонсогдох энэ хоёр нэрийн ард тэр ганцаараа байсангүй. Бусдын төлөө, хүүхдийн төлөө цохилох зүрхтэй мянга мянган залуусын хүч хөдөлмөр орсон бөгөөд ид шидийг тэдгээр сайн дурын ажилтнууд нэгэн зорилго дор нэгдэн ажиллаж бий болгосон юм. “Лантуун дохио”-гийн шинэхэн тэргүүнээр сонгогдоод буй У.Ганбаяр ч тэдний нэг явсан билээ. Тиймдээ ч “Ихэнх нь Gen-Z үеийнхэн байдаг. Мэдээж хувь хүн бүр өөрийгөө хөгжүүлэх, бусадтай харилцаж сурах, туршлага хуримтлуулах бүрэн боломжтой. Мөн “Лантуун дохио”-д элссэн хэн ч боломжтой үедээ гарч болно. Мөнхүү хэдий сайн дурын ажилтан ч гэсэн цаг зав, хөлс хүчээ гаргаж ажилладаг учраас бид тэдний хөдөлмөрийг үнэлдэг. Ингэхдээ нэг элсэлтээс нөгөө элсэлт хүртэл ажилласан цагийг тооцож сертификат олгодог байгаа. Хамгийн гол нь үнэнч, хариуцлагатай, тууштай байдаг олон сайн дурын ажилчид бидний том ачааг нугалж өгдөг. Хэн нэгэнд тус хүргэснээрээ онгирч сайрхалгүй дотроо баярлаад өнгөрдөг эдгээр хүмүүс маань л жинхэнэ баатрууд байдаг даа” хэмээв.


“Ид шидийн орон 1” төсөл нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг асарч хамгаалах, тэднийг аюулгүй орчноор хангах зорилгод тулгуурлан бий болсон бол “Ид шидийн орон 2” дахь төсөл энэ бүхнээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагджээ. Учир нь бид бүгд болоод өнгөрсний хойно дуу дуугаа аван түрж “эвий жаахан хүүхдүүд”, “ээж аавын асрамж дутуугаас болсон” зэргээр халаглацгаадаг. Тийм ч учраас үүнээс урьдчилан сэргийлж, тусгай тандалт судалгаа явуулсны үр дүнд тус байгууллагын хамт олон сонгож авсан хүүхдүүдээ ид шидийн оронд урьж тэдэнд хэрэгцээтэй бүхнийг өгөхөөр зорино. “Ид шидийн орон” төв нь ногоон байгууламж, тоглоомын талбайтай. Мөн дотроо номын сан, сэтгэл зүйчийн танхимтай. Басхүү балет, иог, зураг, хөгжмийн дугуйлангаас гадна бие хамгаалах урлагийн “Жюү Жицү”-гийн сургалтын төвтэй. Цэцэрлэгийн ахлах болон бага бүлэгт нийт 64 орчим хүүхэд явдаг байна.






У.Ганбаяр “Өнөөдөр хүүхдүүдийн тоглож наадах дууг сонсож, баясгалантай царайг ширтэж суухад үнэхээр сайхан санагдаж байна. “CU” –гийн хамт олон том машинтай ирээд хүүхдүүдэд үнэгүй зайрмаг тарааж баярлууллаа. Бид шантрах үедээ яагаад энэ ажлыг хийх болсноо, хийж буйгаа бодох сөхөө байдаггүй. Учир нь энэ л урам зоригийг өдөр бүр хүүхдүүдээс авдаг. Тухайн нэг хүүхэд дээр гарч буй боловсролын өсөлт, зан чанарын хувьд гарах эерэг өөрчлөлтүүд биднийг эрч хүч урам зоригоор дүүргэдэг” гэлээ.


Мэдээж хүн бүрт нууц байдаг. Гэтэл ихэнх жаахан хүүхдүүд өөрийн цэвэр тунгалаг оюун ухаанаар юмсыг харж, үнэнийг нь шуудхан илчлээд орхичихдог шүү дээ. Харин гэр хорооллын нэгэн умгар гэрт, архины хамааралтай ээж аавын гар дор өсөн хүмүүжиж буй хүүхдүүд хэн нэгэнд итгэж ярих нь ховор. Тэд өөрт тохиолдсон харанхуй түүхийг дотроо тээж шаналж явдаг. Үүнээс болж томрох тусам буруу зам руу зориг шулуудах нь элбэг. Тийм л учраас “Ид шидийн орон 2” төвд “Сэтгэл зүйн танхим” байгуулжээ. Захын дүүрэгт байгаа хүүхдүүдийн сэтгэлзүйн асуудалд анхаарах хэрэгцээг хангах зорилготой тус танхимд хүүхдийг сонсох, буруу зүйлийг нь тайлбарлаж өгдөг хүмүүс ажиллана. Энэ нь хүүхдийг аливаа эндэгдлээс урьдчилан сэргийлэх бас нэг хэлбэр юм.


“Ээж, аав нь дэргэд нь байгаа мөртлөө хүүхдээ хайрлахгүй золионд гаргачихсан явдал олон бий. Ийм л дүр зургийг харах хамгийн өрөвдөлтэй” гэж хэлээд У.Ганбаярын харц бодлогоширсон байртай болж ирэв. Тэр хүүхдүүдийн баяртай мөчийг, хамт олон, хандивлагчдынхаа тухай ярихдаа л нүд нь сэргэж, нүүр нь гийгээд хамгийн жаргалтай болно. Ажилдаа зүрх сэтгэл, амьдралаа зориулж түүнээсээ аз жаргалыг мэдэрнэ гэдэг чухам энэ л болов уу.

III.




Сурвалжлагын зочин маань намайг дагуулан “Ид шидийн орон 2” төвийн бүхий л сургалтын төв, номын сан, кофе шоп, гаднах орчинтой танилцуулж, хананд зурсан хандвилагчдын “одод”-ыг хүртэл харуулж тэр бүхний ард буй хүмүүсийн хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийг нэгд нэгэнгүй ярьж өгсөн билээ. Тийн үргэлжилсээр бидний яриа баяр жаргалтай түүх рүү шилжиж, “Ид шидийн уут” аяны тухай хөөрөлдөөн рүү нэг л мэдэхэд шилжсэн байлаа.


Жил бүр өвлийн жавар нэгэнтээ айлсаж, хотын гудамж талбай цагаан цасаар бүрхэгдэн гоёлын гацуур айл бүрийн хойморт гэрэл гэгээ цацруулан сүндэрлэх цагаар уут дүүрэн бэлэгтэй өвлийн өвөө цасан охидоо дагуулан хотын захын дүүргийн хүүхдүүдэд бэлэг гардуулан өгч буй зургийг бид цахим сүлжээгээр харах болсноор хэдэн жилийг ардаа орхижээ. Энэ бол “Лантуун дохио” ТББ-ынхны хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь гэдгийг ихэнх уншигчид андахгүй мэднэ.


Хүүхэд бүр шинэ жилийг цагаан сахалтай өвлийн өвгөн, амттан дүүрэн ууттай бэлгээр төсөөлдөг биз. Гэвч тэр аз жаргалтай төсөөлөл нь хэзээ ч бодитоор амилж байгаагүй хүүхдүүд хотын захын дүүрэгт хөл гарын хорин хуруунд багтахааргүй олон бий. Тийм ч учраас тухайн байгууллагын хамт олон “Ид шидийн уут” аяныг санаачилж өдөр бүрийн хар бараан амьдрал дунд ганцаардаж суугаа хүүхдүүдэд нэг ч гэсэн удаа баяр баяслыг уут дүүрэн бэлэгтэй хүргэж өгдөг юм. У.Ганбаяр энэ тухайд:


“Бид бэлэг хүргэж өгөхөд тухайн хүүхдэд хувцас нь хүртэл яг таараад байдаг. Энэ нь тусгай тандалт хийдэг хүмүүс байдагт оршино. Учир нь манай нэг ажилтан тухайн айлд хорооноос явж байгаа эсвэл айл асууж яваа хүн болоод очдог. Тэр л хэсэгхэн хугацаандаа тухайн айлыг, хүүхдүүдийг нь ажиглаад авдаг юм. Ингэж бид өгөх бэлгээ бэлддэг. Мөн тухайн айлын талаар судлана, ээж аавтай нь холбоо тогтооно. Дараа жил нь дахин бэлэг хүргэж өгнө. Өвлийн өвгөн хүүхдүүдтэй ярилцах буюу сэтгэлзүйтэй нь харилцаа үүсгэж, цасан охидууд харин аав, ээжтэй нь асуудлыг хөндөж ярилцдаг. Хүүхдүүд аав, ээжтэй нь уулзах зуур ярианд оролцох гэвэл алиалагч саатуулдаг. Энэ байдлаар тухайн гэр бүлийн орчин нөхцөл, ахуйн асуудал, гэрт нь үүсээд буй хүндрэлийг мэдэж авдаг. Тэгснээр хүчирхийлэлд буй хүүхдийг асрамжинд авах, настай хүмүүст дэмжлэг үзүүлэх, залуу гэр бүлийг дэмжих зэрэг олон үе шаттай ажлуудыг гүйцэтгэдэг. Зарим хүмүүс биднийг халамжийн систем дэмжсэн гэх зэргээр буруутгадаг. Үнэндээ бол энэ нь маш нарийн урт хугацаанд хийгддэг ажил. Жишээ нь, бүртгэлд ороогүй ахмад настай хүн байвал ийнхүү ярилцсаны хойно манай ажилчдаас нэг нь очиж бүртгэлийг нь хийлгээд өгчихнө. Энэ мэтээр амьдралын бололцоо, биеийн хөгжил муу хүн юм уу, ганцаардаж шархалсан зүрхтэй хүүхэд бүрт хүрч ажиллахыг хичээдэг дээ. Гол нь “Ид шидийн уут” аян нь гэр хорооллын орчин нөхцөлийг танихад хамгийн их нөлөөлж чадсан. Бид зүгээр нэг бэлэг тараагаагүй, энд судалгааны ажил ч давхар явагддаг” гэлээ.


IV.



Түүх бүхэн өөрийн гэсэн эхлэлтэй. Тэр дундаа хувь хүний түүхийн эхлэлд төрж өссөн нутаг ус, тухайн цаг үеийн нийгмийн байдал асар их нөлөөлдөг. Ямар цэг дээрээс хувь хүн болон төлөвшиж, нэг ч шатны гишгүүр алгасалгүй урагшилж чадав гэдгийг тодорхойлоход олон талын хүчин зүйлс нөлөөлөх нь мэдээж. Гэвч эх орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож явсан хүмүүсийн туулсан зам энхэл, донхолтой байх нь бий. Угаас хүн гэдэг хувь бодгаль хэзээд индүүдсэн мэт өөгүй толигор замаар алхсаар өөрийн хүсэл мөрөөдөлд хүрсэн түүх үгүй. Зам нь алдаа, оноогоор дүүрэн боловч нэг л зорилгын төлөө тууштай зүтгэсэн хүмүүсийн жишээ олон бий. Тэдний амьдралын зам хамгийн үнэн бөгөөд амттай байдаг. Тэдний нэг нь “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр юм.


Тэрээр өөрийнхөө тухайд: “Би 9 дүгээр анги хүртлээ их л бүрэг ноомой хүүхэд байсан. Өөрийгөө илэрхийлэх, сайн дурын ажилд оролцох зэрэг процесс их хожуу явагдсан гэж боддог. Гэтэл тухайн үеийн “Монголын сурагчдын холбоо”-ноос явуулсан англи хэлний сургалтанд хамрагдсан. Ингээд хамрагдсан хүүхдүүдийнхээ дунд мөн илтгэх урлагийн сургалт зохион байгуулсан. Тэр л мөчид тойрч суусан хүүхдүүдийн дундаас “Зоригтой 5 хүүхэд” босоод ир гэж багш хэллээ. Тэдний дунд нь нэг л мэдэхэд ороод зогсчихсон байлаа. Би “Мөрөөдөл” гэсэн сэдэв сугалж анх удаа 200 хүүхдийн өмнө өөрийгөө нээж байлаа” гэв.


Түүнээс хойш “Хүүхдийн төлөө ТББ”-д элсэн орж иргэний нийгэмлэгийн байгууллагуудтай хөдөлмөр зүтгэл, ажил үйлсээ холбож эхэлжээ. Харин 2017 онд “Лантуун дохио” ТББ-д элсэн орсон байна. Тэрээр “Сайн ажил хийдэг мөртлөө түүнийгээ олон нийтэд хүргэж чаддаггүй байгууллагууд олон. Манай байгууллагын хувьд үйл ажиллагааныхаа мэдээллийг ил тод хүргэдэг. Энэ нь олон хүнд итгэл төрүүлж, хүүхдийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүрийг манай байгууллагатай хамтарч ажиллах итгэлийг өгдөг. Би энэ байгууллагын баяр жаргалтай мөчид нь ч, хүнд хэцүү цагт нь ч цуг байсан. Хамгийн том ажлыг нь нугалахад ч, жижигхэн ажлын ард гарахад ч бас хамт байсан. Тэгээд ч бидний ажлийн хөлс цалин мөнгөөр бус хүүхдүүдийн жаргалтай инээмсэглэлээр хэмжигддэг юм” гэв.


Тэд “Ид шидийн орон-1,2” төслийг нийтдээ дөрвөн тэрбум орчим төгрөгийн хандиваар босгожээ. Тус хандивын нийт 80-аад хувийг 50,000 төгрөгөөс доош дүнтэй хандивууд эзэлж буй нь тун онцлууштай. Мөнхүү алс холд суугаа боловч тэднийг үргэлж дэмжиж, хүүхдийн төлөө сэтгэлээ зориулсан хилийн чинадад суугаа хандвилагчид ч бий. Тийм ч учраас “Ид шидийн орон бол дан ганц байгууллагын бус дэлхийн монголчуудын хамтын мөрөөдлийн биелэл болсон байна.




Хүн болгоны тэр бүр мэддэггүй захын дүүргийн энэ л  газарт амь халуун, дулаахан амьдрал өрнөдөг. Хүссэн бүхэн дэргэд нь буй ч хэн нэгний тэврэлт үгүйлсэн бяцхан үрс дээр үргэлж зочлон ирэх юмсан гэж өөрийн эрхгүй бодогдоно. Бид бүхэнд муу юм тохиолдох болгонд “баатар” хэрэгтэй болдог. Тэр л баатар мангасыг дарж ард олныг амар тайван болгодог. Шидэт саваатай сайн санаат дагинас өөрсдийг нь цаг ямагт хамгаалж, аварна гэж жаахан хүүхдүүд итгэдэг нь лавтай. Тэгвэл “Лантуун дохио” ТББ-ын тусалж дэмжсэн хүүхэд бүрт тэр л ид шид тохиожээ.


Төгсгөлд нь би У.Ганбаяраас “Хүүхэд юуг хамгийн их хүсдэг вэ?” гэж асуухад минь  “Тэд тэврэлтийг, хайрыг л хүсдэг” хэмээн хариулсан билээ. 

Холбоотой мэдээ