Байгальд ээлтэй малчин фермерийн аж ахуйг үлгэрлэн хөгжүүлж явна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-04 10:46:06

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат 1-р багийн нутаг Тарвагатайн аманд зусаж буй Сүхээгийн Сүхдаваагийнх “Улсын аварга фермер” болжээ. С.Сүхдаваа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үйлсэд сүүлийн 10 гаруй жилийн хөдөлмөрөө зориулан зүтгэж, бусдыгаа манлайлж яваа залуучуудын нэгэн төлөөлөл. Тэрээр “хүн өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Ингэж чадах юм бол жилээс жилд туршлагажихын зэрэгцээ заавал үр дүнд хүрдэг” хэмээн ярьсан юм. Эднийх фермерийн аж ахуйг аймагтаа төдийгүй, Монгол Улсын хэмжээнд жишиг болохуйц хэмжээнд хөгжүүлж яваа учраас ийн шагналын эзэн болжээ.

Малчин С.Сүхдаваагийн ажлын бас нэг бусдаас ялгарах онцлог бол малаа маллан хөдөө нутагт хот суурин газраас дутахгүй тохилог сайхан амьдарч болохын жишээг тод томруунаар үлгэрлэн харуулж яваа гэр бүл. Эднийх өвөлжөөндөө тохилог сууц барин тохижуулж, машины дулаан гарааш, малын дулаан хашаатай. Намартаа өвлийн бэлтгэл хадлан тэжээлээ хүрэлцээтэй хэмжээгээр бэлтгэн аваад зогсохгүй, зун, намар алсын бэлчээрт оторт явж малдаа тарга хүч авахуулдаг тогтсон уламжлалтай аж.

Тэрээр сүүлийн 3 жилийн байдлаар оны эхний 100 хээлтэгчээс 80 хувь төл бойжуулж малын зүй бусын хорогдол гаргахгүй онд бүрэн оруулжээ. Нэг хониноос  600 гр ноос, 1 ямаанаас 600 гр ноолуур авч, амьдын жингээр оны эхний үхрээс 280 кг мах,  саалийн  1 үнээнээс жилд  500 л сүү үйлдвэрлэж байна. Ингэж малын ашиг шим дээшилж, таваарлаг чанар сайжирснаар малаас авах бүтээгдэхүүний гарц ч нэмэгджээ.

Эднийх сүүлийн гурван жилийн  дунджаар жилд  5430 кг  мах, 1263 кг сүү, цагаан идээ, 360 кг ноос, ноолуур, 194 ш арьс ширийг зах зээлд борлуулжээ. Эндээс нийт 80-аад сая төгрөгийн орлого олсон байна. Олсны хэрээр амьдрал ахуй ч дээшилнэ. Мөн хуримтлагдсан орлогоороо малын хашаа, хороо барих, засаж сэлбэх ажлуудыг хийжээ. Бас өвөлжөөндөө 10х6 хэмжээтэй байшин, 3х3 хэмжээтэй гарааш барьж тохижуулсан байна. Мөн хадлангийн трактор, техник хэрэгсэл худалдан авахад нийт 20-иод сая төгрөгийн  хөрөнгө оруулалт хийжээ. Мөн сумын ЕБС-ийн дотуур байр, СӨБ-ын хоолонд мах, сүү, цагаан идээгээ гэрээгээр нийлүүлдэг байна.

25 жил тасралтгүй мал маллаж байгаа С.Сүхдаваа мал сүргийн тоо толгойг төлөөр өсгөж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаардаг байна. Малчин хүний хувьд газар тариалангийн бүс нутгийн бодлого чиглэлд нийцүүлэн фермерийн аж ахуйг эрхэлж байгаа аж. Ингэснээр сүүлийн үед тоо толгой нь цөөрч, чанар нь  алдагдаж буй казахын цагаан толгойт үүлдрийн үхрийг төрөлжүүлэн үржүүлж байна.

Улсын аварга маань мал сүргийн чанараа сайжруулахад анхаарч 2012 оноос эхлэн зохиомол хээлтүүлэг хийж эхэлжээ. Тэрээр 2017 онд 21 үнээнд герефорд үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийхэд 18 үнээ хээл авч үхэр сүргийн бүтцээ сайжруулсан байна. Бага наснаасаа мал маллаж, арвин их туршлага хуримтлуулсан С.Сүхдаваа сумын малчдаа манлайлан ажилласнаар 2010 онд сумын ”Сайн малчин“, 2016 онд “Аймгийн аварга малчин”-аар тус тус шалгарчээ.

Улмаар “Шилмэл мал-2013”-т өсвөр хээлтэгчээр оролцон алтан медаль хүртжээ. Сэлэнгэ аймгийн Шаамар, Баянгол сум болон Сүхбаатар, Увс аймгийн Улаангом хот, Төв аймгийн Эрдэнэсант суманд нийт 10 хээлтүүлэгч, хээлтэгчийг нийлүүлсэн байна. С.Сүхдаваа зөвхөн мал маллаад зогсохгүй байгаль экологийн үйл хэрэгт гар бие оролцож сайн үйлс хийж яваа малчин юм. 2006 онд тэрээр ойн санг гэрээгээр эзэмших “Тогос хайрхан” нөхөрлөлийг байгуулжээ. Тус нөхөрлөл Улаанбаатар хотын “Соёолж” ХХК-тай хамтран ойн нөхөн сэргээлтийг 20 га-д хийж, сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнд 150–иад мод суулгасан байна. Мөн Тарвагатайн эхэнд ширгэж, ундаргагүй болсон булгийг хашиж хамгаалан тохижуулжээ. Үүний үр дүнд жилийн дөрвөн улиралд орчин тойрны малчдын мал усаар гачигдахгүй ач тустай үйлс болжээ. Энэ буянт үйлсээрээ малчин С.Сүхдаваа байгальд ээлтэй малчин болсон аж. Өөрийн мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, фермерийн хэлбэрээр өсгөн үржүүлэхийн зэрэгцээ залуу малчдыг туслах малчнаар авч ажиллуулж байна. Туслах малчдаа цалинжуулахын зэрэгцээ мөн малжуулан амьдрахад нь туслан ажиллаж байна хэмээн тэрээр хуучилсан юм. 



Холбоотой мэдээ