Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг цуцаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-07 14:24:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болсон талаар МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар өнөөдөр мэдээлэв. 


Тодруулбал, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусээр халдварласан бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн гэргийн хамт эмчлүүлж байгаа юм. Гэвч коронавирусний халдварын улаан бүс рүү мэтгэлцээн зохион байгуулах техникийн ажилтнуудыг оруулах боломжгүй гэдгийг тухайн эмнэлгээс мэдэгдээд байгаа аж.


МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар хэлэхдээ, "Манай телевиз нэр дэвшигчдэд тэгш боломж олгох үүднээс хүч зарж өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ сайн хангасан. "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатыг халдвар хамгааллын дэглэмийг сахиулаад студид авчирч болох эсэх, мөн гурван нэр дэвшигчийг эмнэлэгт байлгаж мэтгэлцүүлэх хувилбар яригдсан. Эсхүл Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс, нөгөө хоёрыг нь студид байхаар тооцож үзсэн. Ингээд эмнэлэгийн тусгай өрөөнд явуулын станцаар мэтгэлцээн зохион байгуулах хүсэлтийг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт албан бичгээр илгээсэн. Тус эмнэлгээс УОК, Загсийн газар, Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэрийн хүрээнд халдварын улаан бүс рүү хүн оруулах, гаргах боломжгүй гэсэн тайлбарыг өнөөдөр өгсөн" хэмээлээ. 


Тус телевиз өнгөрсөн хугацаанд мэтгэлцээн зохион байгуулах  бэлтгэлээ хангажээ. Ингэхдээ, мэтгэлцээний үеэр ажиллах 190 хүнтэй багийг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан байна. Мөн хэлэлцүүлэгт дөрвөн дохионы хэлмэрч, нэг синхрон орчуулагчтай байхаар төлөвлөсөн байна. Нэр дэвшигчид нэг модератортой, таван сэдвийн хүрээнд мэтгэлцэх бөгөөд улс төрийн намуудад үндсэн дүрмийг танилцуулжээ. 


Мэтгэлцээнийг үндэсний телевизийн эфир, радиогоор цацахын зэрэгцээ MNB world сувгаар англи орчуулгатайгаар шууд дамжуулахаар бэлтгэл хангасан. Түүнчлэн YouTube, Clubhouse цахим сүлжээгээр дамжуулахаар төлөвлөсөн байсныг МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар мэдээллийн үеэр тэмдэглэв.


Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг өнөөдөр 17.30 цагаас эхлэн 120 минутын турш МҮОНРТ-ээр улс орон даяар шууд дамжуулахаар төлөвлөж байсан юм. 

Холбоотой мэдээ