Нээлттэй тэнгэрийн гэрээг хүчингүй болгох тухай хуульд гарын үсэг зуржээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-08 08:35:42

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Нээлттэй тэнгэрийн гэрээг хүчингүй болгох тухай хуульд гарын үсэг зуржээ.


Энэхүү хуулийг Төрийн Дум 5 дугаар сарын 19-нд санал нэгтэй баталсан байна. Холбооны Зөвлөл баримт бичгийг тухайн өдөртөө авч хэлэлцэхээр төлөвлөж байсан ч цуцлах хэлэлцүүлгээ хойшлуулжээ. Харин сенатын гишүүд парламентын дээд танхимын 6 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар хуулийг санал нэгтэй баталсан байна. 


Нээлттэй тэнгэрийн гэрээнд эргэн орохгүй байх эрх баригчдын шийдвэрийн талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн орлогч дарга Уэнди Шерман ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябковт 5 дугаар сарын 27-нд мэдэгдсэн. Харин Рябков хэлэхдээ, эрх баригчид Вашингтоны таалалд нийцүүлэн Нээлттэй тэнгэрийн гэрээнээс гарахтай холбоотой байр сууриа өөрчлөх бодолгүй байна гэжээ.


АНУ өнгөрсөн оны 11 дүгээр сард гэрээнээс албан ёсоор гарч, шийдвэрээ ОХУ гэрээний хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөнтэй холбон тайлбарлажээ. Гэрээнээс гарах дотоод журмыг нэвтрүүлэх тухайгаа ОХУ-ын Гадаад хэргийн яам 1 дүгээр сард мэдэгдэж, хожим нь ерөнхийлөгч Нээлттэй тэнгэрийн гэрээг хүчингүй болгох тухай хуулийн төслийг Төрийн Думд өргөн барьжээ. Тийнхүү эрх баригчид гэрээг хэвээр нь хадгалан авч үлдэх боломж бага бөгөөд цуцлах үйл явц хэдэн долоо хоног үргэлжилнэ хэмээн нэг бус удаа мэдэгдсэн байна.


Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангахын тулд гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэнэ гэж гэрээнд заасан байдаг. Түүнчлэн гэрээнд нислэг үйлдэх зохицуулалт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих механизмыг тодорхойлох, нислэгт тавигдах шаардлага зэргийг тусгасан байдаг аж.

Холбоотой мэдээ